ЖЕНЕВ. /VOA/. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт илэрсэн коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо 18 хувиар өсөж, 4.1 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнгөрсөн пүрэв гарагт мэдээлжээ.
ДЭМБ-ын “COVID-19” халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, халдвараар нас барсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхтой ойролцоо /8500 орчим/ байснаас Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази, Америкт өссөн аж.
Мөн коронавирусний халдварын шинэ тохиолдлыг өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад Ойрхи Дорнодод хамгийн ихээр буюу 47 хувиар өссөн бол Европ, Зүүн Өмнөд Азид 32 хувиар, Америкт 14 хувиар өсжээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, дэлхийн 110 оронд халдварын тохиолдол өссөний дийлэнх нь “омикрон” хувилбарын “BA.4”, “BA.5” дэд хувилбартай холбоотой аж.
Цар тахал өөрчлөгдөж байгаа ч дуусаагүй байгааг тэрбээр тодотгоод, улс орнууд тандалт судалгаа, генийн дарааллыг тогтоох хүчин чармайлтаа сулруулж байгаатай холбоотойгоор “COVID-19”-ийн генийн хувьслыг тандах ажил “аюулд” орж байгааг сэрэмжлүүлжээ. Улмаар ийм байдал нь илрүүлэхэд хүнд, аюултай шинэ хувилбарууд үүсэх эрсдэлийг бий болгоно гэсэн аж.
Иймд хүн амын хамгийн эмзэг бүлэг болох эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насны иргэдээ дархлаажуулахыг ДЭМБ-ын тэргүүн улс орнуудад уриалаад, олон зуун сая хүн вакцинд хамрагдаагүйн улмаас хүндээр өвчлөх, улмаар нас барах эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Түүний хэлснээр, дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн 1.2 тэрбум гаруй тун вакциныг тариад байгаа боловч ядуу буурай орнуудад дархлаажуулалтын дундаж түвшин 13 хувьтай байгаа аж.