Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи, Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа Ллойдс Бүртгэлийн Сангийн нэрэмжит Эрсдэл судлалын хүрээлэн (IPUR)-тэй хамтарч “Их өгөгдөлд суурилсан бодлогын инновацийн лаборатори” төсөл хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Төрийн албан хаагчийн инновацийг дэмжих” хөтөлбөрийг 2022.5.13-7.01-ны хугацаанд амжилттай хэрэгжүүлж, үр дүнгээ хэлэлцжээ.
Хөтөлбөрийн зохион байгуулалтыг Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа Ллойдс Бүртгэлийн Сангийн нэрэмжит Эрсдэл судлалын хүрээлэнгийн төлөөлөл, НҮБХХ-ын Хурдасгуур лабораторийн төлөөлөл, Удирдлагын академийн Зөвлөх үйлчилгээний төв, Мэргэшил дээшлүүлэх институт хариуцан ажиллажээ.
Төслийн багууд хөтөлбөрийн явцад төслийн анхны санаа нь хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулахын хамт төрийн албан хаагчийн хувьд асуудалд хайрцаглагдсан сэтгэлгээгээр ханддаг байснаа өөрчилж чадсан талаараа, хамтдаа ярилцаж, бие биенээ сонсоход гарсан эерэг өөрчлөлтөө, аливаа асуудалд оролцогч талуудынхаа өмнөөс бодох, тэдний санаа бодлыг асуух, сонсохын чухлыг анзааралгүй орхигдуулдаг байснаа олж харсан зэргээ ярьцгааж, ач холбогдол ихтэй хөтөлбөрт оролцсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн аж.
Удирдлагын академийн захирал доктор Д.Сүрэнчимэг, доктор, профессор Ш.Батсүх нар тус хөтөлбөрийн үр дүн нь боловсруулсан төсөл, төслийн багийн гишүүдийн эерэг өөрчлөлтөөс харагдаж байна гээд зохион байгуулах багийнхан, оролцогчдод баяр хүргэн амжилт хүсжээ.