ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.БАЙДЕНД БАРААЛХЖЭЭ

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бараалхжээ.

Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Тухайлбал, энэ жил тохиож буй Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг онцолж, талууд хамтран олон арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа талаар дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Дэд Ерөнхийлөгчийн хувиар 2011 онд Монгол Улсад  айлчилж байснаа дурсаж, сэтгэгдлээ хуваалцжээ.

Элчин сайд Ө.Батбаяр 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орсон байна.