“СУВИЛАГЧДЫН ЭМНЭЛЗҮЙН УР ЧАДВАРЫН ШАТЛАЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” хэлэлцүүлэг болжээ

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон Улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Японы олон улсын анагаах ухаан эрүүл мэндийн төв, Японы Сувилагчдын Нийгэмлэгтэй хамтран 2022 оны 2 дугаар сард зохиогдсон сургалтаар сувилагчийн цогц чадамжийг тодорхойлох судалгааг хийсэн аж. Уг судалгааны үр дүнд эмнэлзүйн талбар дээр шинэ сувилагч ямар ур чадвартай байх, мэргэшсэн сувилагч ямар ур чадвартай байхыг тодорхойлжээ. Өчигдөр /2022.6.29/ “Сувилагчдын эмнэлзүйн ур чадварын шатлалыг боловсронгуй болгох нь” сэдэвт сургалтын үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг талууд хамтран зохион байгуулжээ.

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн Кавабата нар хэлэлцүүлгийг нээж, үг хэлэн мэндчилгээ дэвшүүлсэн аж.