Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо 500 давжээ

Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо 500 давсныг Сангийн яам мэдээлжээ.

Зургаадугаар сарын 27-нд Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн нүүрс тээврийн 523 автомашинаар 66 мянга 944 тонн нүүрс экспортолжээ. Бусад боомтыг нэгтгэн тооцвол 961 тээврийн хэрэгслээр 99 мянга 915 тонн нүүрс экспортолсон аж.

Үүнээс өмнө буюу зургаадугаар сарын 17-23-ны өдрүүдэд 583 мянга 200 тонн нүүрс экспортолсныг “SXCoal” мэдээлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 300.2 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа аж. Үүнээс 4879 чингэлгийг ачааны автомашинаар, 300 чингэлгийг төмөр замаар нийлүүлжээ.

Уул уурхайн салбар оны эхний таван сард 1.43 их наяд төгрөгийн орлоготой ажилласан нь улсын нийт орлогын 22.5 хувьтай дүйцэж байгаа аж. Үүний 503.9 тэрбум төгрөгийг нүүрсний экспорт бүрдүүлжээ. Өнгөрсөн оны эхний таван сартай харьцуулахад нүүрсний экспорт 33.71 хувиар буурсан ч БНХАУ-ын зах зээлд үнэ өссөнөөр экспортын дүн нь 82.68 хувиар өсжээ.

Нүүрсний дундаж үнэ өнгөрсөн сард тонн тутамдаа 331.53 ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 199.38 ам.доллароор, өмнөх сараас 24.94 ам.доллароор өссөн үзүүлэлт гэдгийг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна.