Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын хөмрөгт хадгалагдаж буй Дилав хутагт Б.Жамсранжавт холбогдох нийт 9 хадгаламжийн нэгж бүхий 1,133 хуудас баримтаас “Төрийн болон албаны нууцын тухай” хуульд заасан мэдээлэлд хамаарахаас бусад 1,039 хуудас баримтыг төрийн нууцаас ил болгохоор Засгийн газрын 2022.04.27-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ.
Энэхүү баримтууд нь он цагийн хувьд 1928-1962 оныг хүртэлх хугацааг хамарч байна. Дилав хутагтын тагнуулын үйл ажиллагааны талаарх суурь судалгааны ажил 1990 оноос өмнөх үеийн Тагнуулын байгууллагын түүхийн судалгааны бүтээлүүдэд цухас дурьдагдаж байсан бол 1990 оноос хойш судалгааны ажил эрчимтэй хийгдэж, 1991 онд Г.Дүйнхэржавын бичсэн “Наян дөрвөн шидтэний нэг Дилав хутагт” ном нийтийн хүртээл болсон бөгөөд үүнээс хойш ТЕГ-ын Тусгай архивын судлаачдаас өгүүлэл, нийтлэл, телевизийн ярилцлага, үзмэр үзэсгэлэнгээр дамжуулан тагнуулын үйл ажиллагааг нь олон нийтэд хуулийн хүрээнд сурталчлан таниулсан.
Засгийн газрын хуралдааны шийдвэр нь Монгол Улсын хувьд тусгаар тогтнолын тэмцлийн зуун байсан XX зууны түүхэнд тагнуулын байгууллагын гүйцэтгэсэн үүрэг, улс үндэстний аюулгүй байдлын төлөө бүхнээ зориулж ирсэн үе үеийн тагнуулчдын алдар гавьяа, тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх оронч үндэсний үзлийг дээдлэх уламжлалыг хойч үед таниулах чухал ач холбогдолтой байна.