Зөвшөөрлийн тухай хуулиар төрийн байгууллагаас олгодог зөвшөөрлийг 350 болгож цөөрүүлжээ

1600 байсан зөвшөөрлийг 350 болгож цөөрүүлсэн Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх аж. Энэ хугацаанд Засгийн газар холбогдох дүрэм, журам боловсруулж, зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ. 

Монгол Улс авлигын индексээр 2021 онд 180 орноос 111 дүгээрт, бизнесийн орчноор 81 дүгээрт бичигдэж байгаа аж. Тиймээс зөвшөөрлийн тоог цөөлж, олгох үйл явцыг тодорхой болгох нь авлига, хүнд суртал, бизнесийн орчныг сайжруулах чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ. Хуулиар зөвшөөрлийг энгийн болон тусгай гэж ангилаад, энгийн зөвшөөрөл хүссэнээс хойш Төрийн захиргааны байгууллага ажлын 17 хоногт багтан цахимаар шийдэж өгөхөөр тусгажээ.

Харин тусгай зөвшөөрлийг 22 хоногт цахимаар шийдэхээр тусгасан байна. Хуульд заасан хугацаанд зөвшөөрөл олгосон эсэх талаар хариу өгөхгүй тохиолдолд энгийн зөвшөөрөл олгосонд тооцно гэж хатуу заажээ.

Мөн энгийн зөвшөөрлийг ажлын 10 хоногт, тусгай зөвшөөрлийг ажлын 12 хоногт багтан сунгах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энгийн зөвшөөрлийг гурваас доошгүй жилээр, тусгай зөвшөөрлийг таваас доошгүй жилээр олгоно гэж тусгажээ.

Банкны үйл ажиллагаатай холбоотой 20-30, банк бус санхүүгийн байгууллагын 11 төрлийн зөвшөөрөл авдаг болж байгаа аж. Мөн хууль хэрэгжсэнээр иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрөл авахад зарцуулдаг цаг, зардлыг 60-70 хувиар бууруулах тооцоолол гарчээ.