Агаарын тээврээр олон улсад зорчигчид I-V сард өмнөх оны мөн үеэс 8.1 дахин өсжээ

Агаарын тээврээр зорчигчид 2022 оны эхний таван сард давхардсан тоогоор 241 мянга хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.7 дахин өссөн дүн аж. Түүнчлэн тавдугаар сард агаарын тээврээр зорчигчид өмнөх сараас 15.2 хувиар өсжээ. Агаарын тээврээр зорчигчдын тоо энэ зун өсөх төлөвтэй байгаа аж. 

Агаарын тээврээр олон улсад зорчигчид оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 8.1 дахин өссөн аж. Үүнд Сөүл, Истанбул, Токио, Франкфурт, Пукет, Анталя чиглэлийн зорчигчдын тоо өссөн нь голлон нөлөөлжээ. Засгийн газраас хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчид болох МИАТ, “Аэро Монголиа”, Хүннү Эйр”, “Изинис Эйрвэйс” компанийн үйл ажиллагааг тогтворжуулахаар 145 тэрбум төгрөгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхээ мэдэгджээ.

Үүнээс гадна БНХАУ-ын агаарын тээврийн “Air China” компани бямба гарагт албан ёсны веб сайтдаа долоодугаар сарын тавнаас эхлэн Монгол Улсаас БНХАУ руу нисэх нислэгээ сэргээнэ гэж мэдэгдсэн аж. Тухайлбал: Улаанбаатар-Бээжин чиглэлийн “СА902” нислэгээр БНХАУ руу зорчих зорчигчдод тодорхой дүрэм журмын дагуу үйлчилгээ үзүүлэх аж.