Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хорооны авто замын шинэчлэлийн ажил эхэлжээ. Энэ хүрээнд өчигдөр буюу зургадугаар сарын 27-ны 23:00 цагаас долдугаар сарын 4-ний 18:00 цаг хүртэл “Өнөр” хорооллын авто замаас Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн ажил хийх аж. Тус замд 2010 онд их засвар хийснээс хойш ээлжит засвар хийгээгүй байжээ. Бүтцийн эвдрэлд орсон учир нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа аж. Зам засварын ажлын хүрээнд авто замын суурь солих, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, явган замын ажил хийхээр болжээ. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриалжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийх аж.
Эх сурвалж: "Нийслэлийн замын хөгжлийн газар"