Нийслэлийн хэмжээнд 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлжээ. Мөн Богдхан уул болоод Туул, Сэлбэ голын эрэг дагуу ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам, сүүдрэвч, сандал бүхий тохижилтыг хийж, иргэдийнхээ ая тухтай аж төрөх, аялж, алхах боломжийг бүрдүүлж байгаа аж. Энэхүү зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлын явцыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж үзжээ. Туул гол дагуу зургаан байршилд тохижилтын ажил хийхээс Бага тэнгэрийн ам болон Асем виллагийн ойролцоо гэсэн хоёр байршилд тохижилтын эхлээд байгаа аж. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн ам Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтын ажил тун тааруухан явцтай байжээ. Тохижилтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Эйч Ар Би Констракшн” ХХК ажиллаж байгаа аж. Хэдийгээр төслийг хүлээлгэн өгөх хугацаа 2023 он боловч энэ жилдээ ихэнх ажлаа хийж гүйцэтгэсэн байх учиртайг, ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэй байгааг Хотын дарга сануулжээ. Харин Асем виллагийн ойролцоо хийж байгаа тохижилтын ажлын явц 50 хувьтай үргэлжилж байгаа аж.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж буюу Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг эхлүүлжээ. “Creative 100” хотыг бүтээлчээр хөгжүүлэх залуусын хөдөлгөөнөөс санаачлан Дугуй цагаан орчмын тохижилтыг хийж байгаа бөгөөд архитектор Б.Батсайхан хийх ажлаа Хотын даргад танилцуулсан аж. Тэрбээр “Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх амралт, аяллын жим, аяллын жим дагасан амралтын цэг гэсэн дөрвөн км урттай газрыг тохижуулж байгаа аж. Бид хууль тогтоомжийн хүрээнд байгалийн материал ашиглан тохижуулна. Ууланд алхагчид амралтын цэгүүд болоод ариун цэврийн өрөөний асуудлыг их хөнддөг. Гэвч тусгай хамгаалалттай бүсэд, тэр дундаа Дархан цаазат газарт нийтийн бие засах газар байгуулах боломжгүй. Тиймээс угтах хэсэгт шийдэж өгсөн. Мөн хүүхдийн тоглоомын талбай байгуулах нь хориотой байдаг. Хүүхдээ салхилуулдаг ээж нарын зүгээс явган замыг чулуун замаар хийх нь доргио ихтэй байна гэсэн санал ирүүлсэн. Энэ мэт саналыг харгалзан тохижилтыг эхлүүлээд байна. Сүүдрэвч, сандал нэмж байгуулна” гэжээ.