Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дэд дарга Ч.Отгончулуу: "Төсвийн тодотголоор БНХАУ-аас зээл авах талаар санал хэлэлцсэн. Гэтэл өрийн хавханд орж, газар нутгаа өрөндөө өгч болзошгүй байдалд байгаа улсуудын тоонд МУ орох аюултай байгаа. Энэ их гадаад өр Хэнтий аймгаар дүүрсэн шавран хөшөөнүүдэд зарцуулагдсан. Хэрвээ МУ өрөө төлж чадахгүй бол Хэнтий аймгийг өрөндөө тасалж өгөхөөс өөр аргагүйд хүрсэн.
Өчигдөр /2022.6.22/ Монгол банк хэвлэлийн хурал хийж гарсан шийдвэрүүдээ танилцуулсан. Бодлогын хүүг 1 нэгжээр өсгөж 10 хувь болгосон. Үүний асуудал нь одоогийн үнийн өсөлт, инфляци нь хил боомт дээр үүссэн гацаанаас үүдэлтэй. Бодлогын хүүг эрэлтийн гаралтай шок үүсэх буюу мөнгөний хэт нийлүүлэлт үүссэн хүмүүсийн орлого ихэссэн үед өсгөдөг. Гэтэл өнөөдөр оношоо буруу тавьж ийм шийдвэр гаргасан нь дундаж давхаргад маш хор, хөнөөлтэй. Насаараа нам төр дагаж ажилчихаад дансандаа асар их тэрбум төгрөгтэй хүмүүсийн хувьд мөнгөний бодлогын хүүг өсгөх нь ашигтай. Харин зээл олдохгүй, цалингаа цагт нь тавьж чадахгүй байгаа хувийн хэвшлийнхэнд маш хүнд тусна. Лхавгасүрэн ерөнхийлөгчөө таны үед Монгол банкны хараат бус, бие даасан, итгэл хүлээх чадвар огт үгүй болсон шүү. Та ЗГ-ын агентлагийн дарга шиг эдийн засгийн тухай суурь ойлголтгүй ерөнхий сайдад зэмлүүлээд байж болохгүй ээ. Та бол дундаж давхаргын иргэдийн төлөө, үнийн тогтвортой байдлын төлөө арслан бар шиг тэмцэх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол ажлаа хийж чаддаг хүнд нь өгсөн нь дээр. Таны арчаагүй, бэртэгчин, арьсаа хамгаалсан байдлаас болж МУ-ын эдийн засаг сүйрэхэд бэлэн боллоо.
Эцэст нь хэлэхэд манай ЗГ-ын гишүүд бодит амьдралаас тасарсан хэвээр гэдгийг саяхан нэгэн сайдын ядуурал буурсан гэсэн дүгнэлтээс харж болно. Үнэндээ ядуурал эсрэгээрээ өссөн. Тэдний хувьд нэг хүн сард 184700 төгрөгөөс бага орлоготой бол ядуу, түүнээс дээшилбэл ядууд тооцогддоггүй. Үүнийгээ ядуурлын шугам гэж нэрлэдэг. Ядуурлын шугамыг бодитоор хэмжиж дор хаяж 600 мянган төгрөгт хүргэх хэрэгтэй. Хэрвээ ийм ядуурлын шугамтай байсан бол Монголчуудын 80 хувь нь ядуу гэж тооцогдоно. Тиймээс ЗГ-ын эрхэм гишүүдээ нүдээ нээж бодит байдалтайгаа эвлэр. Эвлэрч чадахгүй бол зайгаа тавь. Ирээдүй хойч үе, залуусдаа аятайхан амьдрах боломжийг нь олго" хэмээжээ.