ХНХЯ-ны гадна Өрх толгойлсон гурван хүүхдийн ээж хугацаагүй өлсгөлөн зарлалаа

 

 Өнөөдөр өглөөний 10 цагаас эхлэн ХНХЯ-ны гадна Өрх толгойлсон гурван хүүхдийн ээж хугацаагүй өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ. Түүний өлсгөлөн зарлаж буй шалтгаан нь 14 настай хүүхэд нь маш ховор буюу 10000-д 20 тохиолдох системийн өвчтэй  ба 2018 онд оношлогдсон цагаасаа хойш 10 гаруй удаа эмнэлэгт хэвтсэн аж. 

Түүний хувьд  энэ сарын 14-нд  Хүүхэд гэр бүл хөгжлийн төвд учир шалтгаанаа хэлэн туслалцаа хүсэхээр очсон боловч тухайн байгууллагын зүгээс хүнд суртал гарган олон цаг хүлээлгэн чирэгдэл учруулжээ. Үндсэн дарга  Батхүү нь хувийн ажлаар ажил дээрээ байгаагүй бөгөөд түүний орлогч дарга Саранхүүг хүлээсэн аж. Тухайн газрын гадаа хонон, өнжин арай гэж уулзаж байхад нь асуудлыг тань манайд шийдвэрлэхгүй та дүүргийн төв рүү оч гэжээ. Дүүргийн төвд очиход нь нийслэл рүү оч гэж ээлжлэн бие бие рүүгээ түлхсээр асуудлыг нь огт авч хэлэлцээгүй аж. 

Түүний хэлснээр: “Ийм тохиолдолд төр засгаас үзүүлэх туслалцаа байдаггүй юм байна. Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн төв төрийн хамгаалалттай нууцлалтай газар биш шүү дээ, иргэддээ үйлчлэх ёстой нээлттэй байгууллага байж ийм үйлчилгээтэй байж болдог юм уу? Би төр засагтайгаа нийлж төрүүлсэн хүүхдийнхээ эрхийг зөрчиж байна. МУ-ын үндсэн хуульд заасан иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн заалт биелэгдэж чадаж байна уу? “ гэсэн юм.  Эцэст нь олон шат  дамжлага, хүнд суртлын дараа Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн орлогч дарга Саранхүүгийн түүнд хэлсэн ганц боломж нь “Манайд та бүхнийг байрлуулах боломж огт алга, үер усны аюултай чийгтэй нөхцөлд хүүхдээ байлгаж болохгүй 14 настай хүүхэдтэйгээ хамт сонсголонд байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төвд байрлаж болно. Харин 6 настай хүүхдээ оруулж болохгүй” гэжээ. 

Уг мэдээллийнхээ төгсгөлд тэрээр “Тэдний шийдэл нь эх хүүхдийг салгах л юм байна. Би 6 настай хүүхдээ яах юм бэ? Одоогийн миний байгаа байдал хүүхдээ эмчийн өгсөн шаардлагын дагуу асрах боломж алга. Монгол гэрт амьдардаг учраас бороо орох үед үерийн ус нэвтэрч миний хүүхдийн өвчин улам сэдэрдэг Намайг орон байраар хангаж өг хэмээн шаардаж байна.  Би үр хүүхдийнхээ төлөө тамираа тасартал хичээх болно. Миний тавьсан шаардлагыг биелүүлтэл хугацаагүй өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байна” гэсэн юм