Монполимет групп 2015 онд нээлтээ хийсэн Монцемент төслийн хүрээнд хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд Хөгжлийн банканд 118 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг ханшийн зөрүүнээс үүссэн 27 тэрбумын хамт төлөөд байгаа аж. Гэхдээ сүүлийн 10 жилд төгрөгийн ханш 104 хувиар унаснаас болж төслийн өртөг хоёр дахин өсөж, дахиад 30 орчим сая ам.доллартой тэнцэх өрийг Хөгжлийн банкнаас нэхжээ. Харин Монполимет групп Хөгжлийн банк зээлийг төгрөгөөр олгох тогтоол байсаар байтал ам.доллароор зээл авахаас өөр аргагүй байдалд оруулсан, эрх баригчдын улс төржилт, Төв банкны буруу бодлогоос үүдэлтэй төгрөгийн ханшийн эрсдэлд хариуцлага үүрэхгүй байгаа учир энэ алдагдлыг ганцаараа хүлээхгүй гэдэг байр суурьтай байсан аж.
Энэ асуудал өнөөдөр ч үргэлжилсээр... Монцемент компанийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан өөрийн твиттер хуудастаа "Хулгайч нараа биш хэдэн үйлдвэрлэгчээ л элдэв шалгалт шүүлгээр цагийг нь барж шалгах юм. Үндсэн ажлаа хиймээр байна, ШӨХТГ-т албан тоот, материалаа өгчхөөд байхад дахиад шалгана гээд 2 байцаагч утсаар ч мэдэгдэлгүй ажил дээр өглөө ирчихсэн сууж байх юм. Ажил хийлгэхгүй шинжтэй" хэмээжээ.