Энэхүү төсөлд Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа нь эдгээр бүс нутгийг хөгжүүлэх, нийгмийн гадуурхалт, дэд бүтэц, зам тээвэр үйлчилгээний хомсдол зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг тодотгож байгаа аж. Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчид, ялангуяа гэр хорооллын бүсэд амьдарч буй олон мянган залуучуудад зориулан залууст ээлтэй, сайжруулсан амьдрах орчин бий болгох зорилгоор Азийн Хөгжлийн Банкнаас (АХБ) 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс Залуучуудын оролцоо, манлайлалд тулгуурласан хүртээмжтэй “Гэр хот” бий болгох төслийг эхлүүлжээ.
АХБ-ны Зүүн Азийн нийгмийн үйлчилгээ, Хот хөгжлийн хэлтсийн удирдлага дор АХБ-ны Азийн төлөөх Залуучууд хөтөлбөр, Монгол дахь Хүүхдийг Ивээх сан мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран залуучуудын оролцоо, манлайлалд тулгуурласан хот төлөвлөлт, түүний захиргааг хариуцахыг дэмжсэн цогц “Гэр хот” төслийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж.
Энэхүү төсөл нь гэр хороололд аж төрж буй залуусын болон бусад талуудын санаа бодлыг сонсож, түүнийгээ ашиглан тэдний төсөөллийг буулгасан хүртээмжтэй үйлчилгээ, бодлогыг бий болгоход зориулагджээ. Энэ талаар АХБ-ны Азийн төлөө Залуучууд төслийн Ахлах зохицуулагч Свитун Ф.Рамбл “Залуусыг хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжуудыг нээж өгөх нь нийгэмд тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэх, залуусын утга учиртай оролцоог нэмэгдүүлэхэд нэн чухал” хэмээн онцолжээ.
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Хүүхдийг Ивээх Сангаас өмнө нь хүүхэд, залууст зориулан хэрэгжүүлж байсан төслүүдийн хэрэгжүүлэх явцад олж авсан туршлага, сургамжинд тулгуурлан гэр хорооллын залуучуудын хэрэгцээ шаардлагыг тэдний идэвхтэй оролцоотойгоор судалж, тодорхойлох болно. Түүнчлэн бид АХБ болон бусад оролцогч талууд, төслийн менежерүүдтэй хамтран хүүхэд, залуучуудыг чадавхжуулах чиглэлээр олон төрлийн шинэлэг үйл ажиллагаа, төслүүдийг боловсруулах болно” хэмээн хэлжээ.
Энэхүү төсөл 2022 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэл явагдах аж.