Камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд цэргийн алба хаагч зодуулсан, биед нь халдсан зүйл байгаагүй

 Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н  /2022.06.16/ 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд тэр шөнөдөө 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсан байна. Учир нь ходоод нь бүхэлдээ задарсан болохыг ар гэрийнхэн нь хэвлэлд өгсөн яриандаа хэлжээ.

  Талийгаач өнгөрсөн тавдугаар сард 05 дугаар ангид татагджээ. Цэрэгт очсоноос 45 хоног крантин тогтоож зургадугаар сарын 15-нд тангаргын баяр нь болж, ар гэрийнхэнтэйгээ уулзжээ. Тухайн үед талийгаачийн биеийн байдал хэвийн байсан бөгөөд ямар нэгэн архаг хууч өвчингүй болохыг ар гэрийнхэн нь хэлжээ. Тиймээс цэргийн ангид юу болсон талаар холбогдох яаманд мэдээлэл ирсэн эсэхийг тодруулжээ. Батлан хамгаалахын яамтай холбогдоход "Тухайн алба хаагчийн талаар мэдээлэл ирээгүй. Энэ асуудлыг дотоодын цэргийн ангиа хариуцна" гэх тайлбарыг өгчээ. Харин 05 дугаар ангитай холбогдож асуухад мэдээлэл өгөхгүй гэжээ. Ямартай ч тус цэргийн анги талийгаачийн ар гэрийнхний бүх хүсэлтийг хүлээж авч шалгалтын ажилд туслахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. 

 Одоогоор тус ангид ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Дотоодын цэргийн штаб, Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид дотоод хяналт, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд Хүний Эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж, мэдээлэл солилцон ажиллаж байгаа аж. 

 Энэ тухай ЦЕГ: "Тус цэрэг зодуулж амь насаа алдаагүй. Задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Тиймээс үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэжээ..