Өнгөрсөн бямба гарагт /2022.06.18/ ЭМЯ, ОБЕГ хамтран эмч нарын бүрэлдэхүүнтэй Дорнод аймагт авто осолд орсон 3 иргэнийг яаралтай нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэн, эрчимт эмчилгээнд оруулжээ.
Учир нь өчигдөр тус аймагт хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан бөгөөд ослын улмаас 6 иргэн хүнд гэмтэл авчээ.
Энэ талаар яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гантогтохоос тодруулахад " Энэ сарын 18-ны өдөр эмч нарыг баг зам тээврийн ослын улмаас яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд газар дээр очиж тусламж үйлчилгээ үзүүлэн, нисдэг тэргээр өнөөдөр Улаанбаатар хот авч ирж, ГССҮТ-ийн эрчим эмчилгээнд оруулж байна.
Өчигдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төвд тухайн осолд орж биеийн байдал хүнд байгаа 6 иргэн хүргэгдсэн бөгөөд төвийн эмч нарын биеийн байдлыг тогтворжуулах, хэвлийн гэмтэлтэй өвчтөнийг хэвлийн мэс засалд оруулж, арьс залгах мэс засал хийгдсэн байсан. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлж, шөнө ажиглалт явуулсны үндсэн дээр өнөө өглөө эхний элжинд хавсарсан өвчтэй болон хүндрэх магадлалтай гэсэн 3 иргэнийг тээвэрлэж ирсэн. Араас 2 өвчтөн тээвэрлэгдэж ирж байна. Хэвлийн мэс засалд орсон иргэний биеийн байдлыг ажиглаж байгаад хот руу тээвэрлэх ажлууд хийгдэнэ.
Тусламж үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийн 3 том хүн, 3 хүүхэд байгаа. Иргэдийн биеийн байдлын хувьд тархи болон цээжний хавсарсан гэмтлүүдтэй байна." гэв.
ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа “ ГССҮТ-д өдөрт 500-600 үйлчлүүлэгч ирж байна. Үүнээс 40-50 нь хэвтэн эмчлүүлж байна. Өмнөх долоо хоногт гэхэд 3000-4000 орчим үйлчлүүлэгч тусламж үйлчилгээ авсан. Үүний 1500 гаруй буюу 40 хувь нь авто ослын шалтгаантай гэмтлүүд байна. Амралт зугаалгын сар эхэлж байгаа энэ үед зам тээврийн осол маш их ихсэж байна. Ялангуяа гэр бүлээрээ хүүхэдтэйгээ явж байгаад осолд орж байгаа тоо маш их гарч байна. Ослын улмаас хүүхдүүд маш их гэмтэж байна.
ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг 12 ортой үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор 12 ор дүүрсэн байгаа. Үүнээс 6-д нь 2 сартайгаас 11 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс ард иргэдэд анхааруулж хэлэхэд, хөдөө орон нутаг руу аялах, зугаалахад автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, машины суудалд хүний тоогоор сууж, хүүхдийг тусгай зориулалтыг суудлаар тээвэрлэх, өөрийн болон хайртай гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж, зорчихыг анхааруулж байна." гэв.
Эх сурвалж: ЭМЯ