УИХ-ын нэгдсэн чуулганаар зөвшөөрлийн тухай хуулийг эцэслэн баталжээ. Уг хуулийн тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогт дараах тайлбарыг хийжээ.
"Хууль 2023.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм. Зөвшөөрлөөр далимдуулж хүнд суртал гарган авлига нэхсэн албан тушаалтнаас болж ажил бизнес хийх, амьдрал ахуйгаа өөд нь татах, үйлдвэрлэх бүтээх хүсэлтэй хэчнээн хүмүүс хаалга мөргөн цөхөрч, хана түшин нурж байсан бол гэдгийг бодохоос аймаар.
Тэгвэл хууль хэрэгжиж эхэлснээр зөвшөөрлөөр далимдуулдаг албан тушаалтнуудын авлига хүнд суртлын “хүлэмж” -ийг нураах эрх зүйн боломж нээгдэх юм. Урьд нь 200 байсан зөвшөөрлийн тоо 1600 болж 8 дахин нэмэгдсэнийг энэ хуулиар 360 болгож төрийн дарамтыг 5 дахин багасгана. Зөвшөөрөл хүссэн хүсэлтэд 30 хоногийн дотор хариу өгөхгүй бол шууд зөвшөөрөл олгогдсонд тооцно.
Зөвшөөрлийг цахимаар, олон нийтэд нээлттэй, ил тод олгохоор зохицуулна. Арайхийж авсан зөвшөөрлийн хугацаа нь хэдхэн сар болоод дуусдаг байдал засагдана. Энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй, тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй хугацаатай олгодог болохоор зохицуулагдаж байна. Зөвшөөрлийн хууль иргэн ААН-д эдийн засгийн эрх чөлөөг нь авчирна гэдэгт итгэж байна. Түүний тулд одоо гүйцэтгэх засаглал, засгийн газар, төрийн байгууллага албан хаагчид энэ хуулийг хийдэлгүй, хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх ёстой. Ард иргэд та нар маань одоо зөвшөөрөлтэйгөөс бусад нь чөлөөтэй шүү гэдгийг мэдэж, төрийн байгууллагыг шахаж шаардах бүрэн эрхтэй болсон шүү" гэжээ.