"МОНГОЛ ЦЭРЭГТ НЭГ Л ҮГ ХАНГАЛТТАЙ. ТЭД БОЛ ШИЛДГҮҮД"

   Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд АНУ, БНХАУ, БНСУ, Австрали, Бразил, Вьетнам, Польш, Бутан,  Гана, Нидерланд зэрэг 30 орны 60 орчим төлөөлөгч оролцож байна.  Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх,  НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны тэргүүн Жан-Пьер Лакруа нар үг хэлэв. Жан-Пьер Лакруа хэлсэн үгэндээ Монгол цэрэг нь үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвар, бэлтгэлжилт, сахилга хариуцлагаараа хэдийн онцгойрч чадсан энхийг сахиулагчид гэдгийг хүндэт индрээс онцлон тэмдэглэв.