Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн хэлэлцүүлгийн гол сэдэв болоод байсан цагдаагийн албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн эрх чөлөөнд халдаж зодсон, дарамталсан, айлган сүрдүүлсэн, дамжуулж байсан мэдээллийг нь тасалдуулсан, устгасан хэрэг өндрөө авч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарын толгой дээр буухаар болоод байна. Энэ асуудлаас болж сэтгүүлчид өнөөдөр 12.00 цагаас Сүхбаатарын талбай, Төрийн ордон, Хотын захиргааны өмнө эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгууллаа. Жагсаал цуглаанд зөвхөн сэтгүүлчид төдийгүй цагдаагийн байгууллага, албан тушаалтан, алба хаагчийн хууль бус үйлдэл, дур зорго, эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйл ажиллагаанаас болж хохирсон, эрх нь зөрчигдсөн, эрүүл мэндээрээ хохирсон иргэд хүрэлцэн ирж жагсаал, цуглаанд нэгдэх, эрх чөлөөгөө хамгаалж үгээ хэлэхийг урьсан байна.
Мөн өнөөдөр болсон жагсаал, цуглааны дараа сэтгүүлчид Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болон олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж, шаардлага, мэдэгдэл гаргалаа.
Болсон явдлыг сануулахад хотын захиргаа, Нийслэлийн захирагч албанаас өнгөрөгч пүрэв гаригт Богд уулын тусгай хамгаалалттай бүс Зайсангийн амны амралт зугаалгын бүс рүү нэвтрэх ганц гарцыг хаасан зөрчлийг арилгуулсан талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх баасан гаригт мэдээлсэн. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Зайсангийн аман дахь “Энигма” компанийн эзэмшлийн амралтын газрыг нурааж, хувийн өмчид халдсаны улмаас компани, хотын захиргаа хоёрын дунд зөрчил үүсч, компанийн ажилчид аялагчдын Дугуй цагаан руу явдаг замыг хүнд техникээр хаасан байна. Үүний улмаас Нийслэлийн Засаг дарга цагдаагийн бие бүрэлдэхүүнийг дайчлан замын хүчээр чөлөөлсөн бөгөөд тухайн үйл явдлын мэдээллийг дамжуулж байсан Gerel.mn сайтын сэтгүүлч Ц.Гэрэлмаагийн биед цагаагийн алба хаагчид хууль бусаар халдаж, цохиж зодсон, доромжилсон, “шоронгийн тав болгоно” гэж айлган сүрдүүлсэн хэрэг гарсан билээ.
Энэ тухай сэтгүүлч Ц.Гэрэлмаа өөрөө “Камераа унтраахаараа цагдаа цагдаа биш, араатан болдог юм байна. Намайг хүнгүй газар аваачиж зодсон, бие, эрх чөлөөнд халдсан, 20 гаруй цагдаа тойрч байгаад доромжилсон, би тусламж гуйж зөндөө хашгирсан, хэн ч ирээгүй. Нэг л мэдэхэд цагдаагийн фургоны шалан дээр уначихсан, цагдаа нар миний нүүрэн дээр гутлаараа гишгэсэн байсан. Намайг цагдаагийн тасаг руу чирч оруулаад драг үлээлгэхэд 0 хувьтай гарсан, баримт нь байгаа” хэмээн ярьсан билээ.
Цагдаагийнхан сэтгүүлчийн биед халдахдаа “хууль бус бичлэг хийлээ, согтуу байна” гэх мэтээр гүтгэж, хүчээр авч явсан бөгөөд сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан, ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад болсон талаар мэдээлэл цацагдсаны дараа ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч “Сэтгүүлч согтуу байсан” гэх мэдээллийг цацсан нь сэтгүүлчийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй илтэд гүтгэсэн үйлдэл, эрүүгийн гэмт хэрэг болсон билээ.
Үүний улмаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчээс уучлал гуйж, цагдаагийн зарим албан тушаалтнуудад сахилгын шийтгэл оногдуулсан (НЦГ-ын удирдлагуудын цалинг 20 хувиар хасах, Хан-Уул дүүргийн цагдаагийн дарга н.Дамбийням нарын албан тушаал бууруулах, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга н.Баянбямбад үүрэгт ажлаас нь чөлөөлөх) боловч сэтгүүлчид үүнийг хангалтгүй гэж үзсэн байна. Тиймээс ЦЕГ-ын дарга Ж.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг албан тушаалаас нь огцруулахаар эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулахаар болсон юм. Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд сэтгүүлчдийн эрхийг хамгаалах үүрэгтэй МСНЭ оролцохоос татгалзжээ.
ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Ж.Болдын хувьд 2020 оны долдугаар сард энэ албан тушаалд томилогдсоноос хойш хоёр жилийн хугацаанд цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн эрх чөлөөнд халдаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад болсон, зодсон, дарамталсан, айлган сүрдүүлсэн хэргүүд цөөнгүй гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэг нь ч хуулийн хариуцлага хүлээгээгүй байгаа юм. Мөн иргэдийг тайван замаар жагсаал цуглаан хийх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь цагдаагийн байгуулллага, албан тушаалтнууд саад хийсэн, эрх чөлөөнд нь халдсан, хууль бусаар баривчилгаа явуулж цагдан хорьсон үйлдлүүд удаа дараа гарч, үүнийх нь төлөө Ерөнхий сайд нь өөрийн биеэр уучлал гуйхад хүрч байсан билээ. Өнөөдөр ч гэсэн энэ үйлдэл давтагдаж, туйлдаа хүрсэн нь ЦЕГ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах шаардлага тавихад хүргэсэн байна.
Мөн цагдаагийн бие бүрэлдэхүүн иймдээ хүртэл зэрлэгшиж, иргэнээ хамгаалахын оронд өөрсдөө иргэдийнхээ эсрэг ил цагаан гэмт хэрэг өдүүлэх болсны гэм бурууг салбарын сайдаас нь нэхэх нь ёстой гэж сэтгүүлчид үзжээ.