ЖЕНЕВ. /WHO/. Сүүлийн үед дэлхийн олон улс оронд шалтгаан тодорхойгүй хүүхдийн гепатитын өвчлөл нэмэгдсээр байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт мэдээлэхдээ, дэлхий даяар шалтгаан нь тодохойгүй хүүхдийн цочмог гепатитын сэжигтэй 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэв. Тодруулбал, 34 улс орон, бүс нутаг дээрх өвчний сэжигтэй 700 гаруй тохиолдлыг ДЭМБ-д мэдээлсэн бөгөөд холбогдох 112 өвчний түүхийг судлаж байгаа аж. Дээрх тохиолдлуудаас 38-д нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа ба одоогийн байдлаар 10 нь нас баржээ.
Шалтгааныг тодруулахаар ДЭМБ-ын зүгээс улс орнуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хамгийн хачирхалтай нь элэгний үрэвсэл үүсгэдэг таван төрлийн вирусний аль ч дээрх тохиолдлуудад илрээгүй байна. Дэлгэрэнгүй мэдээлэл гарах хүртэл халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хувийн ариун цэврийг сайтар сахихыг ДЭМБ-аас зөвлөжээ.