Зэвсэгт хяналт тавих багц хуулийн төслийг баталжээ

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим зэвсэгт хяналт тавих тухай багц хуулийн төслийг лхагва гарагт баталлаа. Уг хуулийн төслийг Буффало /Нью-Йорк муж улс/, Ювальд /Техас/ хотуудад хүмүүс рүү гал нээсэн хэрэг гарсны дараа өргөн барьсан юм.

“Үр хүүхдээ хамгаалах тухай хууль” хэмээн нэрлэсэн уг багц хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 223 нь дэмжиж, 204 нь эсэргүүцсэн бол Бүгд найрамдах намын нэг гишүүн түдгэлзсэн санал өгчээ. Хуулийн төсөлд хагас автомат зэвсэг худалдан авах насны доод хязгаарыг 18-аас 21 болгон нэмэгдүүлсэн байна. Үүнээс гадна, 15-аас дээш сумны багтаамжтай хүхээгийг иргэний зориулалтаар ашиглахыг хоригложээ. Мөн орон сууцны байранд галт зэвсэг эзэмшихэд тавигдах шаардлагыг тогтоож, түүнийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна. Багц хуулийн төслөөр одоо Сенатын танхимд санал хураалт явуулах ёстой бөгөөд батлахын тулд 60 санал авах шаардлагатай.

Тавдугаар сарын дундуур АНУ-ын Буффало хотын супермаркетад зэвсэглэсэн залуу гал нээсний улмаас 10 хүн амиа алдаж, гурван хүн шархадсан хэрэг гарсан билээ. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Ювальд хотын бага сургуульд дахин нэг залуу гал нээж, 21 хүний аминд хүрсний 19 нь хүүхэд байжээ. Гал нээсэн этгээдүүд хоёулаа 18 настай байсан байна.