Улсын ерөнхий прокурорын орлогч асан, Ардчилсан Намын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Эрдэнэбат :
Тэрбээр "Засгийн газраас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байгаа. Эдгээр хуулийн төслийг сайжруулах нийгмийн хэрэгцээ шаардлага бий. Нэмэлт өөрчлөлтийг зүй ёсны асуудал гэж харах боловч өргөн барьсан хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой асуудал гарч ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол их чухал.
Очоод уулзах ёстой мөрдөгчийг өрөөнд нь суулгахаар иргэн л очно гэсэн үг. Социализмын үе шиг хүн дуудах эрхийг мөрдөгчид өгч болохгүй. Ингэвэл мөрдөгч хэн дуртайгаа дуудна. Эхнэрээ хүнтэй хардаж, тухайн хүний нэрийг хаа хамаагүй хэрэгт оруулаад дуудаж байсан тохиолдол бий. Ирэхгүй бол гавлаад хүчээр авчрах юм. Хууль сахиулагчийн дур зоргыг хэмжээ хязгааргүй тэлж байна.
Хэн нэгнийг албадан ирүүлэх бол мөрдөгч үүнийгээ прокурорт танилцуулаад, үндэслэлтэй байна гэж үзвэл прокурор дуудах хуудас бичиж, шүүгч албадан ирүүлэх захирамж гаргаж өгдөг. Ингэснээр цагдаагийн үүдэнд зогсож байсан хүний тоо байхгүй болсон.
Тиймээс АН-ын бүлгийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгын үүднээс уг хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг анхааралтай авч үзэж байна" гэсэн юм.
Харин үүний хариуд нь хууль зүйн сайд Х.Нямбаатар: эрүүдэн шүүх ажиллагаанд оролцож ял шийтгүүлж байсан Г.Эрдэнэбатд хүний эрхийн талаар ярих ёс зүйн эрх байхгүй хэмээсэн.
Гэтэл өнөөдөр Г.Эрдэнэбат өөрийн твиттер хуудастаа "Хүн гэдэг тодорхой ааштай байвал амар. Бие нь уян налархай ааш нь нэг чиг байвал зүгээр. Нямбаатар шиг ааш аяг нь уян налархай хүн тун хэцүү" гэж жиргэжээ.