Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АПУ ХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаны хүмүүс АПУ ХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа. 



АПУ Хувьцаат компани нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд нийт 14.000 гаруй дотоод, гадаадын хувьцаа эзэмшигчидтэй, зах зээлийн үнэлгээ болон ногдол ашиг олголтоороо Монголын хөрөнгийн бирж дээр тэргүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч томоохон компани юм.

АПУ Компани нийт 2000 гаруй ажиллагсдаа ажлын байрны таатай нөхцөлөөр хангаж, Монгол Улсаас анх удаа “Ажиллахад таатай байгууллага” олон улсын гэрчилгээг 2021 онд хүлээн авсны зэрэгцээ, 11 мянга гаруй харилцагчдаараа дамжуулан хэрэглэгчдээ эрүүл, аюулгүй, олон улсын чанарын стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт, зах зээлийн боломжийг тэлэх бизнесийн шинэ загварыг АПУ Дэйри-Монгол Сүүний Үйлдвэр танилцуулж нээлтээ хийлээ. Энэхүү төсөл нь анхан шатны үйлдвэрлэгч нэгж буюу цагаан идээний уламжлалт гэр -үйлдвэрлэлийн систем, стандартыг нэвтрүүлж, нэгдсэн технологийн дагуу зөвхөн шингэн сүү бус, Монгол уламжлалт сүүн бүтээгдэхүүнийг малчдаас цуглуулж, гүн боловсруулалт, үйлдвэрлэл, савлагаа, брэндингийн дараагийн шатны боловсруулалт хийснээр малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлж, тогтвортой амьжиргааг дэмжин, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэлтийн боломжийг нэмэгдүүлж, шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх суурь тавигдаж байна.