Дэлхийн зах зээлд үүссэн газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сард ОХУ-аас манай улсад нийлүүлэх АИ-92 авто бензиний үнэ тонн тутамдаа 1,110 ам.доллар, Дизелийн түлш тонн тутамдаа 1,077 ам.доллар болж, өмнөх сарын импортын хилийн үнээс тус бүр 170 ам.доллароор нэмэгдсэн юм. Тухайн сард Брент төрлийн газрын тосны арилжааны үнэ баррель нь 98.48-107.4 ам.долларт хэлбэлзэж байв.
Дэлхийн зах зээлд ийнхүү газрын тосны үнэ өссөний улмаас манай улсын өргөн хэрэглээний АИ-92 авто бензин болон Дизель түлшний үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүссэн. Харин Монгол Улсын Засгийн газар 161 дүгээр тогтоол баталснаар АИ-92 авто бензиний гаалийн албан татварыг ирэх наймдугаар сарын 1-н хүртэл, Дизель түлшний онцгой албан татварыг 2022 он дуустал тэглэсэн.
Үүний үр дүнд АИ-92 авто бензиний үнэ литр тутамдаа 1,200 төгрөгөөр нэмэгдэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, жижиглэнгийн борлуулалтын үнийг 2,390 төгрөгт барьсан бол Дизель түлшний хувьд 600 төгрөгөөр нэмэгдэх байсан эрсдэлээс хамгаалсан шийдвэр болов.
Түүнчлэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнгөрөгч гуравдугаар сард ОХУ-ын “Роснефть” НХН-тэй хэлцэл хийсний үр дүнд тонн нь 1,110 ам.доллар байсан АИ-92 авто бензиний үнэ 270 ам.доллароор буурч, 4-6 дугаар сард тонныг нь 840 ам доллароор худалдан авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.