Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Конрад Аденауэр сан /КАС/-ийн Суурин төлөөлөгч Виктор Франкийг өнөөдөр /2022.06.09/ хүлээн авч уулзжээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ суурин төлөөлөгчөөр томилогдсонд нь ноён Виктор Франкд баяр хүргээд, Монгол оронд ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 1993 онд суурин төлөөлөгчийн газраа нээсэн цагаас хойш тууштай үйл ажиллагаа явуулж байгаа Конрад Аденауэр санд гүнээ талархаж явдгаа илэрхийлжээ.
КАС-гийн суурин төлөөлөгч Виктор Франк “Гадаад нөхцөл байдалтай уялдуулан Ардчилсан нам богино хугацаанд хүчтэй болоосой, ардчилсан үзэл санаагаа тууштай хамгаалж, 2024 оны сонгуульд нэгдмэл байр суурьтай оролцоно гэдэгт найдаж байна” гэжээ.
АН-ын дарга С.Эрдэнэ “Намын дотоод асуудал хууль, шүүхийн маргаан бүгд нэг талдаа гарсан. Тамганы асуудал шүүхээр тогтоогдлоо. Хууль ёсны Ардчилсан намын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Мөн намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг УДШ бүртгэсэнтэй холбогдуулан дотоод бүтэц болон дунд шатны намын байгууллагуудаа эмхлэн зохион байгуулах ажил эрчимтэй үргэлжилж байна. Монгол Улс 70 гаруй жил социалист нийгмийн тогтолцоотой явж ирсэн, хоёр том хөршийн дунд оршдог улс. Сүүлийн үед өрнөж байгаа гадаад нөхцөл байдлаас шалтгаалж иргэдийн ардчиллаа хамгаалах үзэл гүнзгийрч байгаа нь тод харагдах боллоо. Ардчилсан нам болон түүний УИХ дахь бүлэг Украины асуудалд энх тайванч байдлыг эрхэмлэн хандаж, дайны хөлд нэрвэгдэгдээд буй хүүхэд, эмэгтэйчүүд, дүрвэгсдэд зориулсан хандивын аяныг амжилттай зохион байгуулсан зэрэг олон ажлыг амжилттай зохион байгуулж байна гэжээ.
Уулзалт ажил хэрэгч байдалд өрнөж, үзэл баримтлал үнэт зүйл нэгтэйн хувьд цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцжээ.
КАС-ын зүгээс Ардчилсан намтай хамтын ажиллагаагаа нягт өргөжүүлэн хөгжүүлэхдээ таатай байх болно гэжээ.
Ноён Виктор Франк өнгөрсөн оны 12 дугаар сараас Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сангийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа юм.
#АрдчилсанНам