Монгол Улсын 2021 оны ТОП 100 ААН-ийн нэгдүгээрт Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ эрэмбэлэгдэж, 2015 оноос хойш жагсаалтыг тэргүүлж байна. ТОП 100 ААН-д багтсан компаниудын 30 орчим хувь буюу 28 нь уул уурхай, олборлох, хүнд үйлдвэрийн салбарынх байгаа нь улсын төсөв, татварын орлогод салбарын эзлэх хувь өндөр байгааг харуулж байна.
КОВИД-19 цар тахал үргэлжилсэн 2021 онд аж ахуйн нэгжүүд 11.3 их наяд төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрүүлсний 5.3 их наяд буюу 47 хувийг нь ТОП-100 аж ахуйн нэгж бүрдүүлжээ.
Уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарын 22 компани хамгийн их буюу 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн нь ТОП-100 аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн нийт орлогын тал буюу 51 хувийг эзэлж байна.