Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын ТНБД асан Жэймс Бэйкер гуайтай Техас мужийн Хьюстон хотод зочлон уулзаж, хүндэтгэл үзүүлж, Монгол, Америкийн хоёр талын харилцаанд түүний оруулсан хувь нэмрийг онцлон дурдаж, гүн талархал илэрхийлжээ.
Ж.Бэйкер-ийн АНУ-ын ТНБД-ын хувиар 1990, 1991 онд Монгол Улсад тус тус хийсэн цуврал айлчлалууд нь ардчилсан хөгжлийн замналыг тууштай сонгосон Монголын ард түмэнд чухал дэмжлэг болсон бөгөөд түүний айлчлалаас хойш Монгол Улсын гадаад бодлогод “гуравдагч хөрш”-ийн бодлого идэвхтэй хөгжиж ирсэн түүхтэй.
Элчин сайд Ө.Батбаяр Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэлд хүрсэн талаар болон хоёр талын харилцааны сүүлийн үеийн үйл явдлаас товч танилцуулж, 2022 онд хоёр орны дипломат харилцааны 35 жилийн ой тохиож буйг тэмдэглэжээ.
Ж.Бэйкер гуай Гадаад хэргийн сайд Г.Гомбосүрэнтэй үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийж байснаа дурсан ярьж, мөн Монголд загас барьснаа онцлон дурсаж байв. Тэрбээр өдгөө 92 настай бөгөөд Элчин сайдын зүгээс түүнд болон ойр дотны хүмүүст нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.