МАНСУУРАЛГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ “АНЗААР” АЯНЫ ХААЛТ БОЛЖЭЭ
Чингэлтэй дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон дүүргийн Цагдаагийн газар хамтран “Анзаар” аяныг эхлүүлсэн.
Мансууруулах бодис, эм, сэтгэцэт нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилготой зохион байгуулагдсан тус аяны үр дүнг хэлэлцэн, өнөөдөр хаалтын ажиллагааг зохион байгуулжээ.
Хаалтын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ажилтнууд болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, иргэд оролцжээ.
Тус аяныг 05 дугаар сарын 025-ны өдөр эхлүүлж байсан бөгөөд аяны сарын хугацаанд төрийн болон хувийн хэвшил, боловсрол, эрүүл мэндийн салбарын нийт 4328 иргэнийг сургалт, нөлөөллийн ажилд хамрууллаа. Сургалтад хамрагдсан байгууллага, иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар анхан шатны мэдээлэл авч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ анзаарч, анхаарал хандуулах мэдлэгтэй болжээ.
Сургалт, мэдээлэлд хамрагдсан иргэд, төрийн болон хувийн хэвшлийн ажилтан албан хаагч, багш, эцэг, эхчүүдээс 4000 гаруй санал асуулга авахад оролцогчдын 98 хувь нь сургалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх ойлголтыг авч чадсан гэсэн дүн гарчээ.
Мансууруулах сэтгэцэт нөлөөт эм, бодисын мэдлэг мэдээллээ дээшлүүлж, эцэг эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих анхаарал, хяналтаа нэмэгдүүлэх нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгэн том ажил юм.
Бидний завгүй амьдралын хэв маяг
Олон зүйлийг анзаарахгүй өнгөрүүлэхэд хүргэдэг
Ойр дотны хүмүүсээ #АНЗААР
Орчин тойрноо #АНЗААР
Мансууралгүй ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе! гэжээ.