Онцлох төсөл: Vega city - Их хотын ногоон зүрх

Улс орны өнгө төрх, хөгжлийн илэрхийлэл болсон барилга, бүтээн байгуулалтууд өдөр өдрөөр нэмэгдсээр буй өнөө үед хүн байгалийн хүйн холбоог мэдрэхэд бэрх болсон. Тэгвэл бид энэ дугаартаа нийслэл хотын зүрхэнд байрлах, нийт талбайнхаа 70 хувийг ногоон байгууламжаар бүрдүүлж буй "Vega City" төслийг онцолж байна.
"Vega City" нь "River Garden", "Garden city" зэрэг төслүүдээрээ ногоон байгууламж, гадна тохижилтын жишгийг тогтоосон, салбарын түүчээлэгч "NCD" группийн ээлжит бүтээн байгуулалт юм. Тус төслийн талаар "NCD" группийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер С.Ууганцэцэгтэй ярилцлаа. 

Нэр: Vega City
Хаяг: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "Орчлон" олон улсын дунд сургуулийн баруун талд
Чиглэл: Орон сууцны төсөл
Хөгжүүлэгч: NCD Group
Төсөл эхэлсэн хугацаа: 2020 он
Холбоос: vegacity.mn (Вэб), Vega City хотхон (Фэйсбүүк)



СЭДЭЛ

"NCD Group" маань 20 дахь жилдээ барилга, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байна. Бид энэ хугацаанд салбараа түүчээлэн, жишиг болохуйц гадна орчны төлөвлөлт, архитектур дизайны шинэлэг шийдлүүдийг эрэлхийлсээр ирсэн. Учир нь гэр орон гэдэг бол зөвхөн дотор нь амьдрах орон зай гэхээс илүүтэйгээр амьдралын чанарын илэрхийлэл, тав тухтай цогц орчин байх ёстой гэдэг талаас нь харж, ард иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор өнөөг хүртэл 10 томоохон цогцолбор төсөл хэрэгжүүлсэн.

Барилгын салбарын хөгжил нь тухайн улс орон, нийгэм эдийн засаг, цаашлаад ард иргэдийн амьдралын чанарыг илтгэн харуулдаг шүү дээ. Байнга хувьсан өөрчлөгдөх хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг судлах, ирээдүйн чиг хандлагыг мэдрэн шинэ хэрэглээ, амьдралын хэв маягийг санал болгох зэргээр цаг үеэсээ үргэлж нэг алхмын түрүүнд алхах шаардлагатай болдог.

Орон сууц худалдан авагчдын нэн тэргүүний шалгуур нь "байршил" байдаг. Ялангуяа хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгт ойртон сонголтоо хийх хандлагатай байдаг нь ажиглагддаг. Харин бидэнд хүмүүсийн "сургуулийн дүүрэг" хэмээн тодорхойлдог хотын төвд ойр байршилд төсөл хэрэгжүүлэх боломж байсан юм. Тухайн байршилд ямар бүтээн байгуулалт хийвэл бүс нутагтаа болон хэрэглэгчдэд үр ашигтай байх талаар зах зээлийн олон талын судалгааг хийсэн. Судалгааны маань үр дүнд хүмүүсийн амьдрах орчинд гадна тохижилт тааруу, ногоон байгууламж болон хүүхдийн аюулгүй тоглох орчин дутмаг, автомашины зогсоол хүрэлцээгүй, СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй, орчны дуу чимээ ихтэй зэрэг асуудлууд түгээмэл байгаа ч тухайн бүс нутагт эдгээр асуудлуудыг бүрэн шийдсэн хотхон хараахан байгаагүй. Тиймээс эдгээр асуудлыг цогцоор нь шийдсэн, бүх хэрэгцээгээ нэг дороос хангахын зэрэгцээ, амьдрах орчинтой холбоотой тулгамддаг стрессээс ангид сэтгэл хангалуун амьдрах боломж бүхий цогцолбор бүтээн байгуулалт хийхийг зорьж уг төслөө эхлүүлсэн дээ.


ЯЛГАРАЛ

Товчхондоо бүс нутагтаа өнгө нэмсэн хотын төвийн хамгийн том ногоон байгууламжтай өндөр зэрэглэлийн хотхон гэдэг нь “Vega City” төслийн гол ялгарал. Хотхоныхоо хаалгаар ороод л их хотын стрессээс ангижран, сэтгэл хангалуун амьдрах тийм л орчин, төлөвлөлтийг бүрдүүлж байгаа нь хэрэглэгчдэд өгч буй үнэ цэн юм.

Хотхон маань V.E.G.A гэх консепц бүхий төлөвлөлттэй. Илүү ойлгомжтой болгох үүднээс дэлгэрүүлэн тайлбарлая:

Нэгдүгээрт, VALUE буюу дотоодын болон олон улсын чанартай сургуулиудын дунд, хотын төвөөс ердөө хоёр км зайд, бүх төрлийн худалдаа үйлчилгээний төвүүдэд хэдхэн алхам ойр, цаг хугацааны явцад үнэ цэн нь улам өсөн нэмэгдэх байршилд сүндэрлэж буй. Энэ нь оршин суугчдын хувьд амьдралын тав тухаа хангахаас гадна "үнэтэй хөрөнгө оруулалт" болно гэсэн үг.

Хоёрдугаарт, ENGINEERING буюу бид хорин жилийн туршлага, хичээл зүтгэл, нөү-хау дээрээ үндэслэн энэхүү бүтээн байгуулалтаа босгож буй. Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001, PMO буюу төслийн менежментийн стандарт гэх мэт олон стандарт, шаардлагуудыг чанд мөрдөн ажилладаг тул эцсийн хэрэглэгчдэд хамгийн сайн гүйцэтгэлтэй бүтээгдэхүүн хүрнэ.

Гуравдугаарт, GARDEN буюу бүс нутагтаа хамгийн том ногоон байгууламж бүхий хотхон гэдгээрээ онцлогтой. Төсөл хэрэгжиж буй зургаан га талбайн ердөө 30 хувьд барилгажилт, үлдэх 70 хувийг ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн амрах талбай, тоглоомын талбай, автомашины зам, зогсоол бүрдүүлэх юм. Монгол Улсад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дундаж хэмжээ таван м.кв байдаг бол “Vega City” хотхонд энэ үзүүлэлт 25 м.кв гэдгийг онцлоё.

Хотхон нь V.E.G.A гэсэн дөрвөн хэсэг бүхий төлөвлөлттэй. Хотхоны талбайн гадна тохижилтыг нэг хэлбэрээр биш жилийн улирлуудыг илэрхийлсэн дөрвөн өөр төрлийн загвараар нийт 15 нэр төрөл, 26 зүйлийн мод, бут сөөг, зүлгээр ногоон байгууламжийг төлөвлөсөн нь хотхоны өнгө төрхийг илтгэх нэгэн ялгарал болно.

Дөрөвдүгээрт, ухаалаг ARCHITECTURE төлөвлөлт буюу нийт зургаан га талбайд орон сууцнуудаа захлуулан, хүрээлсэн тойрог хэлбэрээр төлөвлөсөн нь барилга хоорондын зай хол, үзэгдэх орчныг хязгаарлахгүйгээс гадна, орон сууцнуудын гол хэсэгт автомашины хөдөлгөөнгүй, оршин суугчдын амрах зориулалттай нийтийн эзэмшлийн ногоон байгууламжтай. Энэ нь мөн хүн амын нягтаршил бага байх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Үүний хажуугаар оршин суугчдын бүхий л хэрэгцээг хангах 12,500 м.кв бүхий хоёр давхар нэгдсэн худалдаа үйлчилгээний төвийг төв зам дагуу төлөвлөсөн. Ингэхдээ хотхоны оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүйн тулд гаднаас зорин ирж буй үйлчлүүлэгчдийн хөдөлгөөний урсгалыг хязгаарлаж өгсөн. Хотхон бүхэлдээ доогуураа нэгдсэн гаражаар холбогдсон тул оршин суугчид өвөл зуны аль ч цагт нэгдсэн гаражаараа дамжин очиж үйлчлүүлэх боломжтой.

Мөн харуул хамгаалалтын орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлж байгаагаараа онцлог. Тухайлбал, оршин суугчид чип картаар хотхон руу, нүүр танилтын системээр орц руугаа нэвтрэхээс гадна цахилгаан шат нь зөвхөн тухайн хүний оршин суудаг давхарт зогсох зохицуулалтай. Харин гаднаас ирж буй зочдыг домофон систем ашиглан нэвтрүүлнэ. Ингэснээр бид оршин суугчдадаа тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах боломжийг өгөх юм.

Цаашлаад ямар ч сайн орон сууц анхны чанараа хадгалахад "Сууц өмчлөгчдийн холбоо"-ны үйл ажиллагаа чухал. Тиймээс бид “Vega City” хотхоны ашиглалт, хяналт, цэвэрлэгээ, үйлчилгээг мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн удирдлагын түвшинд хийхээр төлөвлөсөн.

VEGA CITY ГЭЖ ЮУ ВЭ?

“Vega City” нь дотор, гадна орчны ухаалаг төлөвлөлттэй, бүс нутагтаа хамгийн том ногоон байгууламжтай, 13 блок бүхий 16-23 давхар 1187 айлын цогцолбор хотхон юм.

НЭР

Шөнийн тэнгэрт хамгийн тод гэрэлтдэг нарны аймгийн тав дахь одыг “Vega” гэж нэрлэдэг. Бусдаас онцгой, үргэлж гэрэл гэгээтэй, аз жаргалтай байхын бэлгэдэл хэмээн ойлгож болно. "City" гэх үг нь томоохон цогцолбор хотхон болохыг илэрхийлнэ. Энэ хотхоны айл өрх, гэр бүл бүхний аз жаргалтай амьдрал, тодорсон амжилт, хөгжил дэвшлийг бэлгэдэн энэ төслөө “Vega city” гэж нэрлэсэн.

ОДОО

Төсөл маань дөрвөн ээлжийн үе шаттайгаар хэрэгжих бөгөөд одоогоор нэг, хоёрдугаар ээлжийн орон сууцны захиалгаа авч байгаа. Мөн гуравдугаар ээлжийн захиалга авах ажлыг эхлүүлэхээр бэлтгэлээ ханган ажиллаж буй.

Барилгын гүйцэтгэлийн хувьд одоогийн байдлаар нэгдүгээр ээлжийн гурван блок барилгын эхний блокыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Нөгөө хоёр блокын хувьд фасадны ажил дуусах дөхсөн, дотор заслын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёрдугаар ээлжийн дөрвөн блок барилгын угсралтын ажил дуусах шатандаа орсон ба дотор заслын ажлууд хийгдэж байгаа.

БАГ

Бид зах зээлийн шинэлэг чиг хандлагыг тогтмол судлахаас гадна хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагыг судлан, түүндээ суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хүн төвт шийдвэр гаргалт, шилдэг удирдлагын арга барилыг үйл ажиллагаандаа ашиглаж, тогтмол сайжруулалт хийн ажиллахыг эрмэлздэг.

"NCD" групп маань улсынхаа их бүтээн байгуулалтын түүхийг бичилцээд аль хэдийн 20 жил өнгөрөөд буй. Энэ хугацаанд “Өнөр хотхон”, Монголын №1 ногоон хотхон “River Garden 1,2”, “Time Square”, “Garden City 1,2” зэрэг их хотын өнгө төрхийг илэрхийлэх олон төслүүдийг хэрэгжүүлсэн.

Тэдгээр төслүүдийн ард чадварлаг архитектор, инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн 11 алба нэгжийн 370 гаруй үндсэн ажилтнууд бий. Тэдний дундаас гадна орчны тохижилтыг хариуцсан “Ногоон байгууламжийн алба” болон төсөл хэрэгжүүлэлтийн бүх үе шатанд хяналт тавих “Захиалагчийн хяналтын алба” гэсэн хоёр албыг онцолж болно.

ИРЭЭДҮЙ

Өмнө хэлсэнчлэн айл гэрийн оршин сууж буй орон сууцны гадна болон дотор орчин нь тэдний амьдралын хэв маяг, эрүүл мэнд, тав тух, цаашлаад амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Тиймээс иргэдийн амьдрах хамгийн таатай орчныг бүтээх, улс орныхоо хөгжлийн өнгө төрхийг тодорхойлогч, салбарынхаа түүчээлэгч байхыг зорин ажиллаж байна.

Нийслэл хотоо дэлхийн жишиг бүхий хот болгон хөгжүүлэх үйлд хувь нэмрээ оруулан ажиллахаас гадна олон улсын зах зээлд өрсөлдөх алсын харааг тээн ажиллаж байна.

ЭРСДЭЛ

Бид өөрсдөөс шалтгаалах эрсдэл үүсгэж болохуйц хүчин зүйлүүдийг үргэлж хамгийн бага байлгахад анхаарч ирсэн. Тиймдээ ч үйл ажиллагаандаа Төлөвлөлт-Гүйцэтгэл-Хяналт-Сайжруулалт гэсэн эргэх холбоо бүхий системийг ашигладаг. Нөгөө талаас биднээс үл хамаарах буюу гадны хүчин зүйлсээс шалтгаалан тулгарах эрсдлийг аль болох уян хатан байдлаар шийдэхийг хичээдэг.

Манай салбар эдийн засгийн бусад салбаруудтай харилцан холбоо хамааралтай учир нэг хэсэгт нь л асуудал гарахад бусдад нь шууд нөлөөлдөг. Дэлхий нийтэд нүүрлэсэн цар тахал, дайн зэргээс улбаалсан нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалаад гадаад валютын ханш болон инфляци нэмэгдсэн. Түүнчлэн хил гаалийн хориг, тээвэрлэлтийн үнийн өсөлт, түүхийн эдийн хомстол зэрэг нь барилгын материалын үнэ өсөх шалтгаан болж байна. Цаашлаад банк, санхүүгийн байгууллагын зээлийн хязгаарлалттай байгаа үед хэрэглэгчдийн нуруун дээрх санхүүгийн дарамт улам бүр нэмэгддэг талтай.