Ардчилсан нам сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлэхээр жагсаж байна

 Ардчилсан намынхан өнөө өглөөний 9 цагаас сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлэхээр жагсана гэх мэдэгдлээ олон нийтэд "Page" хуудасны live-aaраа дамжуулж хүргэжээ. Тэд ингэхдээ дараах шаардлагуудыг хүргүүлсэн юм. 

  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн тухай хуулийн 9.9, 9.12-д заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгуулийг Хэнтий, Булган, Завхан гэсэн гурван аймагт зургаан сарын 19-ны өдрийн ням гарагт зохион байгуулахаар 2021.02.11-ны өдөр товлон зарласан. Гэвч өнөөдрийн байдлаар Завхан аймагт сонгууль явагдахгүй, Булган аймагт сонгуулийн тухай хууль зөрчигдсөн нь сонгуулийн ерөнхий хорооны буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. 

Үүнд: 

 - Завхан аймгийн сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байсан таван гишүүн даргын хамтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээсээ татгалзсанаар тухайн хороо ямар ч бүрэлдэхүүнгүй болсон. 

 - Булган аймгийн сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намыг сонгуульд бүртгэхээс удаа дараа татгалзаж, тухайн шийдвэрийг илт зөвшөөрөн тус аймгийн Ардчилсан намын хорооноос Булган аймгийн засаг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 5 сарын 12-ны өдөр Ардчилсан намыг бүртгэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийг гарган захиргааны маргаан үүсгэж байсан. Гэтэл Булган аймгийн СЕХ Ардчилсан намаас нэр дэвшигч гэх аймгийн засаг даргыг 2022 оны 5 сарын 18-ны өдөр бүртгэсэн баримт нь тогтоогдсон 

- СЕХ-нд дээрх аймгуудын сонгуулийн хороодын дарга, гишүүд албан тушаал эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж байгаа талаар удаа дараа гомдол хүсэлтийг гаргасаар ирсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй хойш тавьсаар өнөөдрийг хүргэсэн нь орон нутгийн сонгуулийг будлиантуулах, төрийн эрх мэдлийг хууль бус байдлаар авах нөхцөл байдлыг үүсгэхэд хүргэлээ. 

 Иймд аймаг нийслэлийн сум дүүргийн сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ эсвэл зөрчлийн тухай хууль болон төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцно гэсэн заалтын дагуу 2022 онд Завхан болон Булган аймагт болох аймаг, иргэдийн төлөөлөгчдийн тухай нөхөн ба дахин сонгууль явагдахгүй байх, будлиантуулах нөхцөл, байдалд хүргэсэн сонгуулийн хорооны дарга, гишүүдэд арга хэмжээ авч хариуцлага тооцохыг шаардаж байна гэсэн албан бичгийг СЕХ-нд хүргүүлжээ.