Бүгд Найрамдах Франц Улсад “Монголын соёлын өдрүүд"-ийг 2022 оны есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ удаагийн Монголын соёлын өдрүүдийн цогц үйл ажиллагаа нь цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилготой юм. Энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэсний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ой тохиож буй. Монголын соёлын өдрүүдийн үеэр ЮНЕСКО-гийн төв байранд монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт толилуулав. Мөн монголын байгалийн онцлог, соёлын биет бус өвийг илэрхийлсэн “Үзэсгэлэнт Монгол орон” сэдэвт гэрэл зургийн цахим үзэсгэлэнг ЮНЕСКО-ийн төв байранд гаргах юм.
"Монголын соёлын өдрүүд” Монгол Улсын өнө эртний хэлхээ холбоотой Франц Улсын Рубрук хотоос эхэллээ. Францын санаавартан Вильям де Рубрук нь 1254 онд Мөнх хааны үед Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод ирж, Хархорумын түүхийг Европт таниулсан анхны хүмүүсийн нэг юм. Рубрук санваартны нэрээр овоглосон энэхүү орон нутгийн музейд Монгол өв уламжлалыг харуулсан үзэсгэлэн байдаг аж.
Рубрук хотод 9 дүгээр сарын 20-ны өдөр Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид тоглолтоо толилууллаа. “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг нээж Соёлын яамны урлаг уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн үг хэлэв. Рубрукын музейд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын бэлэгдэл Мөнгөн мод, Хархорум хотын 800 жилийн ойд зориулан бүтээсэн зоос, “Алдуул модны эрэлд” баримтат киноны Франц орчуулгатай хуулбар зэргийг “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа гардуулав.
"Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Соёлын яамны төлөөлөл, Франц улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар Рубрук хотын амбан захирагчтай албан ёсны уулзалт хийж хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Мөн Өвөрхангай аймагтай 20 гаруй жилийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй Франц улсын Аллиер мужид Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид тоглолтоо толилуулж, албаны төлөөлөл хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.
“Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Монголын үндэсний урлагийн их Театрын уран бүтээлчид “Нүүдэлчдийн домог” тоглолтоо Рубрук, Аллиер мужийн Ганна хотоос гадна Дрө хот, Мишилей лицей, Сорбоны их сургууль болон ЮНЕСКО-гийн Төв байранд үзэгчдийн хүртээл болох юм.
Монгол, Францын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй урлаг соёл, түүх, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр бүхий “Монголын соёлын өдрүүд” ийнхүү үргэлжилж байна.
Франц улсад болж буй энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ParliamentMN Монгол, Францын парламентын найрамдлын бүлэг, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр , Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг MIAT Mongolian Airlines ТӨХК компани, Modern Nomads групп TAVAN NUDEN Mongolian Luxury Brand зэрэг байгууллагууд дэмжин оролцож буй юм.