“Болор цом-37” яруу найргийн наадмын сонин сайхнаас

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Яруу найргийн 37 дахь удаагийн “Болор цом” наадам яг одоо Багануур дүүргийн Соёлын ордонд “Гүн галуутайн болор цом” нэрийн дор болж өнгөрлөө.

Тус наадамд 24 найрагч шүлэг яруу найргаараа өрсөлдсөнөөс:

Тэргүүн байр Б.Жамбалдорж

Дэд байр Б.Энхжаргал

Гутгаар байр Т.Баянсан

Тусгай байр О.Цэнд-Аюуш 

нар шалгарчээ.

Ингээд Та бүхэндээ наадмын тэргүүн байранд шалгарсан яруу найрагч Б.Жамбалдоржийн  шүлгийг хүргэе.

“Жамын цас”

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон
Халуун уур савссан тооноор унасан цас
Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш яайш цацан бужигнуулсн цасан дор
Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон
Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би
Шинэхэн цас орсон өглөө
Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа
Тийм дотно мөр, харалгүй удаж ээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой
Зөөлөн гишгэх алхаан дундаасаа
Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ
Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ
Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана
Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү
Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно
Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад
Мөн чиг хүнд санагдаад ажин түжин
Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас
Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана
Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд
Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана
Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад
Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно
Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд
Нээрээ л би чинь будраад өнгөрөх цас аа

Share.

Сэтгэгдэл бичих