Сэтгүүлч редактор С.Шүрэнчимэг: Ах ба 31 нас

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Ах ба 31 нас
Миний ах нүүрэндээ нэг тийм ямар ч хоргүй цагаан инээд тодруулсан, надтай адил шармаг царайтай нэгэн. Хэзээний л хүн болгонтой найзалж нөхөрлөөд, ядарсан зовсныг өмөөрч явдаг.
Надаас 9 жилийн өмнө төрсөн ахыгаа одоогоос 9 жилийн өмнө би их л хөгшинд тооцон боддог байж. 9 жилийн өмнөх тэнэг ухаан минь. Яагаад 9 жилийг онцлоод байна вэ гэвэл 9 жилийн өмнөх энэ өдөр ах минь миний өнөөдрийн насан дээр байж. Илүү ч үгүй, дутуу ч үгүй 31 нас.
Амьдарч болох хугацааны ердөө гуравны нэг…
Миний цайлган, бүр хэтэрхий гэмээр цайлган ах минь амьдарч болох хугацааныхаа ердөө гуравны нэгхэнийг дүүргээд хорвоогоос буцсан нас. Харин түүний хэлдгээр олон охин дүү нар/ах минь өөрөө дандаа тэгж хэлдэг байсан юм. Гурван эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Бас нэг эгчтэй л дээ/ нь таниараа дутаад 9 жилийг ардаа үдэж. Энэ 9 жил надад АХ гэдэг хоолой зурсан үгний нэг байв. Таны нэрийг ч дуудаж би чадсангүй. Ахын тухай ярих битгий хэл бодох нь хоолойд нулимс тээглүүлсээр өнөөдөртөө золгов.
…Дэндүү их хайраар өсгөсөн
Дэлхийд ховорхон миний ханагар ах минь дээ…
…Амьдралын шуургыг сөрж алхах бүрт
Салхин талд минь та зогсож байсан
Сүүдэр дүүг тань дайрч өнгөрөх бүрт
Зөвхөн дэргэд минь та л зогсож байсан… энэ дуунуудыг их л олон сонссон хүмүүсийн нэг нь би.
Та дэргэд байхгүй ч тантайгаа адилхан цайлган цагаан найзуудыг чинь харж сэтгэлээ дэвтээж явдаг аа. Мэдээж таныг тэнгэрээс харж, алхах, гишгих бүрт минь дэм болж суугаа гэж мунхаг ухаандаа итгэдэг ээ дүү нь. Таны найз нар жил болгон ижий, аавын тань сэтгэлийг дэвтээн таныг орлон золгодгийг та мэдэх байх. Тантай ихээ адилхан Ганзо найз чинь таны араас харин явсан. Та 2 тэнгэрийн оронд уулзалдсан байхаа гэж дүү нь итгэдэг.
Таныгаа хорвоогоос буцсан 31 насыг ихэд чухалчлан үзсээр энэ насан дээрээ багагүй барцдыг туулж өнөөдөрт хүрэв. Харин өнөөдрөөс хойш бүх муу муухайг энэ настайгаа орхиод эрч хүчтэйгээр амьдарна аа ах минь. Хамгийн гунигтай нь би тантайгаа хамт авхуулсан нэг ч зураггүй гээд боддоо…

Зураг дээр: Дүүгээ тэвэрсэн нь том эгч, өвөр дээрх нь дунд эгч, хажуудах нь миний Чинзоригт, цайлган ах. Сөөсгөрхөөн жаалууд байх үе нь.

Share.

Сэтгэгдэл бичих