Сангийн сайд асан С.Баярцогт: “Оюу толгой”н гэрээг байгуулсныхаа төлөө авлигал хээл хахууль аваагүй ээ

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт хэвлэлийн бага хурал хийлээ.

“Оюу толгой” ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ нь тусгаар тогтносноосоо хойш Монголчууд бид өөрсдөө бие дааж хийсэн анхны том гэрээ хэлцэл байсан төдийгүй уг төсөлд гуравдагч хөршөөс оруулсан хөрөнгө оруулалт нь хоёр хөршийн хөрөнгө оруулалтыг илт давсан, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан онцгой тохиолдол байсан.
Тухайн үеийн УИХ, Засгийн газар үүлэн чөлөөний нар шиг цаг хугацааны торгон агшинг ашиглан хийж чадсан юм.
Гэвч уг гэрээг байгуулагдаж эхлэх үеэс зарим сонирхогч этгээд, талуудын зүгээс магадгүй гадны улс орны нөлөө оролцоотойгоор байнга шүүмжилж, үгүйсгэн буруутгах үйл ажиллагааг нарийн зохион байгуулалт, үе шаттайгаар, олон жил хийж гүйцэтгэсний үр дүнд нийт Монголчуудын дунд уг гэрээ, төслийн бүтээн байгуулалтын талаар эргэлзэх, үл итгэх уур амьсгалыг бий болгосон.
Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой”-н ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан.
Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах Ажлын хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдын 47 тоот захирамжаар байгуулсан.
Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдын 73 тоот захирамжаар шинэчлэн баталсан бөгөөд тэр өдрөөс эхлэн Сангийн сайд асан С.Баярцогт тус Ажлын хэсгийн ахлагчийн орлогчоор ажилласан.
“Оюу толгой”-н ХөОГ-г хоёр УИХ, дөрвөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд олон жилийн турш бүх холбогдох яам, агентлагаас мэргэжлийн хүмүүсийн оролцсон 3 ажлын хэсэг боловсруулж, удаа дараа Засгийн газар, ҮАБЗ, УИХ, УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцүүлж дэмжсэн.
Оюу толгой төсөл нь олон жилийн туршид хэрэгжих дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт учир гэрээний хэрэгжилттэй холбоотой сорилт, бэрхшээл тулгарах нь гарцаагүй.
Гэтэл үүссэн хүндрэл, бэрхшээлийг даван туулах нь үе, үеийн төрийн байгууллагуудын үүрэг гэж ойлгож, хандахаас илүүтэй гэрээг хийсэн Засгийн газрын Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг нэр цохон буруутган, гэрээ хийхдээ авилга хээл хахууль авсан мэтээр гүтгэсэн сурталчилгааг олон жилийн турш хийж ирсэн.
С.Баярцогт Оюутолгойн ХөОГ-г байгуулах ажлын хэсгийн ахлагчийн орлогчоор ажиллах явцдаа гэрээний нөгөө талаас авлига аваад уг мөнгөө оффшор бүсэд байршуулж, хөрөнгөжсөн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил үндэслэлгүйгээр гүтгэж, улс төржүүлсэн боловч зөвхөн Монгол улсад төдийгүй Швейцарын холбооны улсад хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад ийм нөхцөл байдал нотлогдож тогтоогдоогүй байна.
АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтод 2018 онд Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ ХөОГ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон байж “болзошгүй” гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулахдаа 4 бүлэг шинжээчийн дүгнэлтүүд гаргасан.
Уг 4 бүлэг шинжээчдээс 3 бүлэг шинжээчид нь Оюу толгой төслийн 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ Хөрөнгө оруулалтын гэрээг, Хувь нийлүүлэгчийн гэрээ, 2011 онд байгуулсан Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээтэй холбоотой сөрөг дүгнэлт гаргаагүй байна.
Харин уг гэрээний хэрэгжилтийг хангах үүрэгтэй Татварын Ерөнхий Газрын нэр бүхий 5 байцаагчдаас бүрдсэн шинжээчийн баг Оюу толгой төслийн 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ, 2011 онд байгуулсан НӨОДТХНГ Монгол улсын татварын хууль тогтоомж, олон улсын гэрээг зөрчсөн, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх илт алдаатай дүгнэлтийг хийсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа уг Шинжээчдийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан задалж, УИХ-ын гишүүдийн гар дээр очсон, нэгэнт олон нийтэд нээлттэй болсон тул тус дүгнэлтэд хариу тайлбар өгөх нь зүйтэй гэж үзсэн юм.
Шинжээчдийн дүгнэлтэд дурдсан асуудлууд нь “Оюу толгой” төслийн санхүүжилт болон татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой үндсэн зохицуулалтыг хөндсөн бөгөөд 97% нь алдаатай дүгнэлт болон гэрээний хэрэгжилтийг хангахтай холбоотой байгаа юм
Монголын Улсын хууль хяналтын байгууллагууд бодитой мэдээлэлд үндэслэн үнэн зөв шийдвэр гаргахгүй тохиолдолд “Оюу толгой” ХХК олон арван жилийн турш их хэмжээний татварыг дутуу төлөх боломжийг олгож, Монгол Улсын уг төслөөс хүртэх үр ашгийг бууруулсан, Монгол Улсын эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр болох аюултай.
Иймд шийдвэр гаргагчид онцгой анхаарна гэдэгт итгэж байна. Тухайлбал:
“Оюу толгой” ХХК, Монгол Улсын Засгийн газрын хооронд хэлэлцэгдэж буй татварын маргаан (Монгол Улсын шүүх болон Олон улсын арбитрын түвшинд хэлэлцэгдэж буй)-тай асуудал дээр Монгол Улсын Засгийн газар ялагдах нөхцөл бий болно.
Тодруулбал 2013-2015 онд ТЕГ-аас явуулсан Аудитын шалгалтын дүнд “Оюу толгой” ХХК-нд тавьсан 377.1 тэрбум төгрөгийн буюу 155 сая ам.долларын татварын актыг барагдуулж чадахгүйд хүрнэ.
“Оюу толгой” ХХК болон түүний эцсийн эзэмшигчид шийдвэрийг нотлох баримтын түвшинд хэрэглэж, улмаар олон улсын арбитрын түвшинд ялалт байгуулах боломжтой болно.
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 14 өдрийн 71 тоот тушаалаар “Хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх Судалгааны багийн гишүүдийг томилох талаар Бодлогын зөвлөлийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцсэний дагуу “Оюу толгой” төслийн хэрэгжилттэй холбогдуулан НӨОДТХНГ-нд зааснаар санхүүжилтийн болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийг хянан үзэж Хүүгийн хувь хэмжээг тохирох хэлэлцээр үргэлжилсээр мөн олон улсын арбитрын түвшинд шийдэгдэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд Монголын талд ялагдах нөхцөл байдал үүснэ.
Манай улсын төсвийн орлогод уул уурхайн салбараас орох шууд болон шууд бус татварын орлого ихээхэн хувийг эзэлдэг бөгөөд дээр дурдсан 41 асуудлыг Шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэсэн тохиолдолд “Оюу толгой” төслөөс төсөвт орох татварын орлого үлэмж хэмжээгээр буурч, Монголын тал ирэх 80-100 жилд хураах татвараа бүрэн авч чадахгүй нөхцөл байдал үүснэ.
Дээр дурдсан 41 асуудлыг Шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн “Оюу толгой” ХХК-ний талд шийдвэрлэсэн тохиолдолд тэдгээр шийдвэрүүдийг үндэслэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон арван уул уурхайн компаниуд татварын маргаан үүсгэж улмаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Шүүхийн түвшинд нотлох баримт байдлаар ашиглан олон тэрбум ам.долларын албан татварыг улсын төсөвт төлөхгүй болох нөхцөл байдал үүснэ.
Шинжээчдийн дүгнэлтэд өгч буй миний энэхүү хариу тайлбарын үнэн зөвд эргэлзэж байгаа тохиолдолд хөндлөнгийн, бие даасан, МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ хүмүүсээс бүрдсэн өндөр мэргэжлийн шинжээчдийг дахин томилж ажиллуулах шаардлагатай гэж үзэж байна.
Иймд хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид, судлаачид болон сонирхон судалж буй олон нийтэд хүргэх зорилгоор “ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН 2009 ОНЫ ГЭРЭЭ, ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГҮҮД” товхимолыг бэлтгэн хүргэж байна.
Энэхүү товхимол нь Оюу толгой төслийн 2009, 2011 онд батлагдсан гэрээнүүд (монгол, англи), тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиуд, УИХ, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж байсан байдал, шийдвэр, санал хураалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэрэг “Оюу толгой”-той холбогдох бүхий эх сурвалж, бичиг баримтын эмхтэл, нэгдсэн лавлах ном болно гэж бодож байна.

Share.

Сэтгэгдэл бичих