ТЕГ-ын дарга асан Хошууч Генерал Б.Хурц нарын өмгөөлөгчид Ерөнхийлөгчид хандлаа

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА

2019 оны 10 Дугаар сарын 28

Төрийн нууцад хамааруулсан эрүүгийн хэргүүдийг ил болгох талаар хүсэлт гаргах тухай

Монголын хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн  хуульч өмгөөлөгч Б.Мэргэн, Ц.Туяа, Э.Хашчулуун, Б.Энх-Эрдэнэ, Г.Батбаяр,  Т.Туул, Г.Цолмонгэрэл, Д.Дандий-Ядам, П.Ундрах-Эрдэнэ, Д.Дэлгэрцэцэг, Ц.Хүрэлбаатар бид Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн дугаартай хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх дээрх хэрэг болон гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материал нь маш нууц зэрэглэлтэй бөгөөд өмгөөлөгчдийн хувьд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор тэдгээрийг төрийн нууцаас гаргаж, ил болгох шаардлагатай гэж үзэж байна.

Нэгдүгээрт :

Өмгөөлөгч нар төрийн нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргаж нууц хамгаалах ажилтны хяналт дор хэргийн материалтай танилцан, үйлдсэн тэмдэглэлээ шүүхэд хадгалуулж, зөвхөн шүүх хуралдааны үеэр л ашиглаж байна.Ингэснээр үйлчлүүлэгчдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад хүндрэл учирч байгаа нь тодорхой юм.

Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч биш нэр бүхий улс төрчид хэрхэн олж мэдсэн нь тодорхойгүй ч хэргийн болон шүүх хуралдааны явцад дурдагдсан зарим мэдээллийн өөрсдөд нь ашигтай байж болохоор хэсгүүдийг олон нийтэд удаа дараа задруулсаар байна.Үүнд төрийн маш нууц зэрэглэлтэй мэдээллийг хууль бусаар задруулсны дараа Засгийн газрын тогтоолоор ил болгож нөхөн залруулсан асуудал ч хамаарч байгаа болно.

Цаашид ч улс төрийн хувьд ашигтай гэж үзсэн тохиолдолд төрийн нууцыг задруулсаар байхыг үгүйсгэхээргүй байна.

Ийнхүү өмгөөлөгч нарын хувьд хууль тогтоомжийн хүрээнд хэргийн талаар мэдээлэх боломжгүй нөхцөл байдлыг далимдуулан нэр бүхий улс төрчид өөрсдийн улс төрийн нэр нөлөө боломжийг ашиглан бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг түгээж олон нийтийг төөрөгдүүлж байна.

Энэ нь шүүгдэгчдийн талаарх ташаа ойлголтыг дэврээж тэдний эрх зүйн байдлыг дордуулан, иргэдийн зүгээс тэдгээрт ял оногдуулахыг шаардах байдлаар шударга шүүхээр шүлэгх үндсэн эрхийн баталгааг сулруулахаас гадна олон нийтийг талцуулж эцэстээ үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдлийг дагуулж болзошгүй юм

Улсын Их хурлын тогтоолооор батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хагалган бутаргах, дотоодын зөрчилд хүргэх аливаа үйл явдлаас урьдчилан сэргийлж, үндэсний эв нэгдлийг хангах нь улс орны аюулгүй байдлыг хамгаалах нэгэн баталгаа болохыг дурдсан байдаг.Тиймээ  ил болсон мэдээллийн сөрөг нөлөөнөөс үйлчлүүлэгчдээ хамгаалах зорилгоор тэнцвэртэй мэдээлэл өгөх боломжоор өмгөөлөгчдийг хангах болон үндэсний эв нэгдэл, нийгмийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор амь насыг хөнөөсөн хэргийг хянан шийдвэрлэсэн гурван шүүхийн тогтоолууд, эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн материалыг ил болгох зайлшгүй шаардлага үүсээд байна.

Хоёрдугаарт :

Улсын Их хурлын 2019 оны 4 дүгээр сарын 23-ы өдрийн  32 дугаар тотоолоор Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо байгуулсан.Тус хорооны гишүүд болох Ж.Батзандан,  Л.Болд , Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Я.Санжмятав, А.Сүхбат, Ө .Энхтүвшин нар 2019 оны 8 дугаар сарын 08 болон 12-ы өдрүүдэд бидний үйлчлүүлэгчдийн холбогдох хэргийг шийдвэрлэж байсан хаалттай шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах боломжоор хангаж өгөх хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан.

Мөн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх холбогдох хэргийг шийдвэрлэхээр 2019 оны 8 дугаар сарын 12-ы өдрөөс элэн ажлын 6 өдөр дараалан хуралдахад шүүхийн байрны гадаа тасралтгүй сурвалжлага хийсэн 7 хэвлэл мэдээллийн байгууллага, олон иргэдийн хөдөлгөөнүүд болон Олон улсын хүний эрхийн байгууллагын зүгээс бодит үнэнийг мэдэх, мэдээллийг түгээх зорилгоор ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан байдаг.

Энэ нь төрийн өндөр албан тушаалтнууд төдийгүй, иргэд шүүх эрх мэдлийн байгууллагуудад эргэлзэх, үл итгэх байдал үүссэнийг харуулж байна.Хэрэв холбогдох хэргүүдийг нууцалсаар байх тохиолдолд шүүх хуралдаан хаалттай явагдахаас аргагүй бөгөөд олон нийтийн хардлага, уур бухимдал улам нэмэгдэж дотоодын зөрчилд хүргэхийн зэрэгцээ шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд шууд болон шууд бусаар нөлөөлөхөөр байна.

Хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлж , шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь Үндсэн хуульт байгууллыг бататгаж үндэсний аюулгүй байдлыг хангах нэгэн баталгаа юм.

Эцэст нь :

Төрийн албаны нууцын тухай хуульд нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас хамаарууулсан мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон тохиолдолд ил болгохоор зохицуулсан.С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлсэн тул түүнтэй холбоотой мэдээллийг нууцлах шаардлагатай байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн, зарим хэсгийг Засгийн газрын тогтоолоор ил болгосон боловч нууцад үлдсэн мэдээллийн нийтэд хүрч байгаа зөрүүтэй байдлаас шалтгаалан, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг шударгаар шийдвэрлэгдэхэд эргэлзээ бий болсон, энэ нь даамжраад олон нийтийг талцуулж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдлийг үүсгээд байна.

Иймд :

Танаас бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, дурдсан эрүүгийн хэргүүдийн материалыг ил болгох тухай зөвлөмж гарган, шийдвэрлүүлж өгөхийг хүсье гэжээ.

Share.

Сэтгэгдэл бичих