УИХ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтнууд Парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчидтэй уулзлаа

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр (2019.10.22) Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмын хэрэгжилттэй холбогдуулан парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Улсын Их Хурлын даргын 2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 145 тоот захирамжаар батлагдсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмын хэрэгжилт ямар байгаа талаар болон журмаас гадуур ажиллахгүй байх талаар санал бодлоо илэрхийллээ. 

    Тэрбээр, парламентын үйл ажиллагааг сурвалжлах ажилтныхаа ажлын ур чадвар, мэргэшсэн байдлыг харгалзан тухайн хэвлэл, мэдээллийн байгууллага нь сурвалжлах эрхийн үнэмлэх авах хүсэлтээ ирүүлдэг бөгөөд ирүүлсэн саналыг харгалзан Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс парламентын үйл ажиллагааг сурвалжлах эрх олгодгийг дурьдаад, өнөөдрийн байдлаар 170 гаруй сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчинд сурвалжлах эрхийн үнэмлэх олгоод байна. Эдгээрээс 40-60 сэтгүүлч нь өдөр тутам Төрийн ордонд нэвтэрч, үйл ажиллагаа явуулдаг хэмээн тэмдэглэлээ. 

    Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхтэй хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн ордны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, сэтгүүлчийн баримтлах ёс зүй, хэм хэмжээг мөрдөж ажиллах шаардлагатайг тэмдэглэсэн юм. 

Мөн тэрбээр сэтгүүлчдийн лавлаж, тодруулж асуусан асуултад хариулт өглөө. 

    Уулалтад оролцсон сэтгүүлчдийн зүгээс журмаар тогтоосон цэгүүдэд Улсын Их Хурлын гишүүдээс ярилцлага авахад хүндрэлтэй байдаг, телевизийн зураглаачид нь Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж дүрс авах боломжгүй байдаг нь мэдээллийн чанарт нөлөөлдөг тул журамд өөрчлөлт оруулах талаар саналаа хэлэв. 

Энэхүү уулзалтаар ажил үүргээ гүйцэтгэхдээ аль аль талдаа хүндэтгэлтэй хандаж, үүссэн асуудлыг шийдвэрлэх, холбогдох журам, дүрмийг баримталж ажиллах, журамд өөрчлөлт оруулах асуудлыг судлах талаар ярилцаж санал солилцсон юм.  

    Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Баттогтох, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ш.Содномжамц нар оролцлоо.

Share.

Сэтгэгдэл бичих