Уул уурхайн инженер эдийн засагч Л.Наранбаатар: Угаартсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, Ерөнхийлөгчийн өмнөөс уучлалт гуйя!

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Өчигдөр ерөнхийлөгч маань утаанд нас барсан иргэдээс уучлалт гуйж, MCS-ийг буруутгажээ. Шахмал түлшээ хэрхэн зөв түлэх талаар сургалт, сурталчилгаа хийгээгүй “Тавантолгой шахмал түлш” компанийн хэдэн дарга нар, ажлаа хийж чадаагүй яамд, хотын захиргааны бурууг ингээд MCS-уруу чихээд уснаас хуурай гарчихна гэж байхгүй ээ Ерөнхийлөгчөө. Угаартаж нас барсан хүмүүсийн үхэлд та ч буруутай! Та иргэдээсээ уучлалт гуйх ёстой !

MCS-ийн хаягдал, хортой түлш түлсэн гэж та гүжирдэж. Шахмал түлшин дээр улс төр явж байгааг ойлгож байгаа гэхдээ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЗГ-ын хүсэлт, Тавантолгойн гуйлтаар угааж, баяжуулсан сайн чанарын эрчим хүчний нүүрсээ үнэгүй нийлүүлж хотын утааг бууруулахад хүчин чармайлт гаргаж буй энэ компанийг ингэж чичилж буйг хараад үнэхээр тэвчсэнгүй, дур гутав. Мэргэжлийн хүний хувьд чанарын шинжилгээг нь харахад дэгдэмхий буюу агаарт шидэгдэх утаа нь Багануур, Шарын голынхоос 2 дахин бага, 2 дахин өндөр илчлэгтэй сайн чанарын эрчим хүчний нүүрс гэдгийг хэн ч хараад ойлгож байна. Энд тусгай мэдлэг шаардлагагүй. Экспортонд 15$ буюу 40 мянган төгрөгөөр зардаг энэ нүүрсээ орон нутгийн иргэдэд 15 мянган төгрөгөөр хямдруулан өгдөг. Засгийн газрын хүсэлт шаардлагаар жилд 800 мянган тонныг Тавантолгойд үнэгүй өгч байгаа. Ингэж байж хотын иргэд “Тавантолгой шахмал түлш” ХХК-ийн шахмал нүүрсийг Багануурын түүхий нүүрсний үнээс хямд худалдан авах боломж бүрдсэн гэдгийг онцлох нь зөв байх.

#Ерөнхийлөгч яагаад угаартсан иргэдийн үхэлд буруутай вэ?

Улаанбаатарын гэр хороололд 270 мянган өрх амьдардаг. Бүгдийг нь 100 сая.₮ үнэтэй байранд оруулахад 10 тэрбум.$ хэрэгтэй. Энэ тооцоог би бичвэрийнхээ төгсгөлд алдагдсан боломжоор илэрхийлэх болно.

MCS олон улсын зах зээлээс мөнгө босгоод төмөр зам барьж эхлүүлэн 2013 оны 1-р улиралд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байсныг Жэнко зогсоож, улс бондын өрөөр барина гэж зүтгэсэн. Ингээд 280 сая.$-оор ТТ-ГС чиглэлд шороо овоолсон. Овоолсон шороо нь Хятадын төмөр замтай нийлэх уулзвараас зөрсөнөөс төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэхээр болсон. Одоо энэ замыг дуусгахад дахиад 800 сая.$ зарах юм яриад сууж байгаа. Овоолсон шорооных нь хүүнд жилд 55 тэрбум төгрөг төлдөг.

Энэ төслийн алдагдал үүгээр хэмжигдэхгүй. Олох ёстой байсан орлого, ашиг буюу алдагдсан боломжоор хэмжигдэнэ.

#Алдагдсан боломж нь юу вэ?

Төмөр зам баригдсан бол 2013 оноос жил бүр 30 сая.тн нүүрс экспортонд гарах байв. 6 жил өнгөрчээ. Нийт 180 сая.тн нүүрс буюу 18 орчим тэрбум ам долларын экспортын орлого олох боломжийг алджээ. Үүнээс Эрдэнэс Тавантолгойн алдагдсан орлого дор хаяж 10 тэрбум.$ орчим. Зөвхөн энэ мөнгөөр л гэхэд гэр хорооллын 270 мянган өрхийг бүгдийг нь орон сууцанд үнэгүй оруулах боломжтой байжээ. Төмөр зам баригдсан бол 2013 оноос хойш утаанд угаартаж 100 гаруй хүн, таван толгойгоос гашуун сухайтын нүүрс тээврийн авто замд осолдож 150 гаруй хүн нас барахгүй байх байсан. Жэнкогийн бодлогын алдаанаас 250 хүн нас барчихаад байна. Уушигны өвчлөл, ханиад томуу, хавдар, нүүрс тээврийн замын ослын бэртлээс хэдэн арван мянган хүн хохирсон. Жэнко өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч болсон. Тэр нас барсан иргэдийн ар гэрээс уучлал гуйх ёстой.

Төмөр замтай байсан бол Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаа эзэмшигчид дор хаяж 1 сая төгрөгийг хувьцааны ногдол ашгаар авч, өгөөжийг нь хүртэх боломжтой байсан.

Энэ бидний алдагдсан боломж бөгөөд үүнийг бид амьдарлаараа төлж байна. Утаа, хөрсний бохирдол ч бас хамт шийдэгдэж олон хүн угаартаж үхэхгүй байх боломжтой байжээ. Ард түмэндээ эмгэнэл илэрхийлж, Жэнкогийн өмнөөс уучлалт гуйя!

Л.Наранбаатар
Уул уурхайн инженер-эдийн засагч,
Австрали-Азийн уул уурхай, металлургийн институтын гишүүн.

Share.

Сэтгэгдэл бичих