НИЙТЛЭЛЧ БААБАР: ХАЛХ ГОЛД ХЭН ХОХИРОВ?

Google+ Pinterest LinkedIn Tumblr +

Халх голын дайнд (Будилаан? Мөргөлдөөн? Тулалдаан? Байлдаан?) ​оролцохгүй, өөрийн нутагт ийм үйлдэл хийлгэхгүй гэж Ерөнхий сайд Гэндэн, Ерөнхий сайд Амар, Бүх цэргийн жанжин Дэмид нар Сталинтай зөрөлдсөнийхөө шанг амиараа төлсөн юм. Ийм байлдааны урьдчилсан бэлтгэл ажиллагаанд дор хаяхад 30 мянган монголчууд амиа өргөсөн юм. Жинхэнэ байлдааны талбарт 237 цэрэг эрс үрэгдсэн, үүний гуравны нэгийг нь Зөвлөлтийн улаан цэргийн онгоц эндүүрч бөмбөгдөн араас нь пулемётоор шүршсэн, гуравны нэгийг нь Японы тагнуул гэж хардан гүтгэж өөрийнхөн нь хороосон.

ХАЛХ ГОЛД ХЭН ХОХИРОВ?

Халх гол дахь дайны аугаа ялалтын 80 жилийн ой болох гэж байна. Урьд нь хэзээ ч ингэж дуулиантай тэмдэглэж байгаагүй, энэ баярыг! Орос Монголын эрдэмтэд хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийнэ. Японы милитаристуудыг хэрхэн даран сөнөөсөн тактик стратегийн талаар шинжлэх ухааны дүгнэлт өгөх болно. Баярыг тохиолдуулж Орос Монголын цэргийн хамтарсан сургууль болно. Цэргийн парад болно, тэнд дэлхийд гайхагдаж байгаа Оросын шинэ үеийн байлдааны онгоцнууд өнгө өнгийн утаа гарган нисэж Монголын тэнгэрийг чимэглэнэ. Аймээр гоё! Энэ нь өвөлдөө Улаанбаатарыг дардаг нүүрсхүчлийн давхар ислээс шал өөр, ямар ч хоргүй утаа. Мөн Оросын цэргийн дуу хөгжмийн алдарт ансамбель Александрийн чуулга зочлон тоглолт хийнэ. Тэд лав дэлхийг цочоосон “Хотят ли русские войны?” болон “День победы”, хэмээх суут дуунуудаа дуулж сонирхуулах байх. Гайхалтай! Моисеевын ардын бүжгийн чуулга гэж алдар суу нь дэлхийг доргиосон ансамбель бий. Саяхан байгуулагдсаныхаа 80 жилийн ойг тэмдэглэсэн, Халх голын түүхэн байлдаантай нас чацуу. Цэргийн чуулга маягтай тэд дайны үед гол тоглолтоо Байгалийн чанад, Алс дорнод, Монголд үзүүлж байсан. Тэд бидэнд танил болоод удаж байгаа ”Ка-калин-ка” бүжгээ үзүүлж, “Катюша” зэрэг цэргийн сэдэвт дууны аянд бүжих байх. Энэ тухай Оросын элчин сайд тодорхой ярьсан. Энэ бүх үзүүлэн тоглолтын дараа нь хүндэт нөхөр Владимир Владимирович Монголд зочлон ирэх болно. Магадгүй цэргийн онгоцоор?

Саяхан манай Ерөнхийлөгч Вашингтонд айлчлан АНУ-тай стратегийн түншлэлийн тунхаглалаа зарлах үед Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга нь хүндэт нөхөр Владимир Владимирович ирээд яах тухай тодорхой хэлсэн, түүний ярьснаар Вашингтонтой стратегийн холбоо тогтоож буй нь байдаг нь нэг арга хэмжээ, харин одоо Оростой үүнээс хамаагүй том гэрээ – иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулах гэнэ. Энэ нь 80 жилийн ойн баярыг тохиолдуулсан ёслол бололтой.

Халх голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээнд зориулж хүндэт нөхөр Владимир Владимирович дайн болсон газрын бяцхан суманд 10 сая доллар бэлэглэсэн. Газар нутгийн хэмжээгээр Монголдоо хоёрт ордог ч ердөө мянга гаруйхан оршин суугчтай эл суманд энэ нь төсвөөс хуваарилдаг олон жилийн мөнгөнөөс нь хол давна, (Жижиг сум улсын төсвөөс жилд 100 сая төгрөг буюу 40 мянган доллар хүртдэг гээд бодохоор 250 жилийнх нь хөрөнгө болохнээ?). Дайн болсон газарт 80 жилийн өмнө ухаж байсан гэх авч одоо бүрэн эдгэсэн окоовны мөрийг дахин ухаж битүү цементэлснийг мөнгө өгөгч өөрийн биеэр ирж үзэн танилцах байх. Энэ нь нэг талаас энх цагийн бүтээн байгуулалт юм даа. Ойн арга хэмжээнд манай талаас идэвхи гарган урлаг уран сайхны зүтгэлтнүүд хамаг чадал эрдмээ шавхах болно. Мөн хөшөө дурсгал хэд хэдийг шинээр босгож баярын үеэр ёслол төгөлдөр нээнэ. Эрдэмтэд, түүхчид, улс төрчдийн оролцоо ч нүсэр байх болно. 10 сая доллар манай авилгачдын хувьд тийм их баялаг биш авч бас ч хөөрхөн мөнгө л дөө. Анхнаасаа Халх голын тулалдаан, мөргөлдөөн гэх цэргийн шинжлэх ухааны тогтсон ангилал бүхий нэршилтэй байсныг тэд энэ удаа дэндүү багаар үнэлж байна гэж голоод “дайн” гэж нэрлэхээр болжээ. Хүний түүхэнд тохиосон хамгийн хүнд, хамгийн том байлдааныг Сталинградын тулалдаан гэдэг болохоос Сталинградын дайн гэдэггүй нь цаанаасаа учиртай байхаа, уг нь. Гэтэл япончууд болохоор Халх голын тулалдааныг “Номунханы хэрэг явдал”, “Номунханы будилаан” гэж нэрэлдэг.

Share.

Сэтгэгдэл бичих